МУ-ын ерөнхий сайд иргэн Б.Болороотой уулзаж, шаардлагыг хүлээн авч байгаагаа хэллээ

Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд иргэн Б.Болороо нөхрийнхөө амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан төв талбайд суулт зарлаж төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлж байгаагаа суултын үеэр мэдэгдэж байсан. Тодруулбал нөхрийнхөө шүүх эмнэлгийн дүгнэлтийг хөндлөнгийн оролцоотойгоор дахиж гаргуулах, хоёрдугаарт хэргийн харьяаллыг шилжүүлэх, гуравдугаарт дээрх хоёр шаардлага биелсэн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг дахин гаргуулах  шаардлагыг хүргүүлсэн юм.

Иргэн Б.Болороо өнгөрсөн долоо хоногийн лхагва гараг буюу энэ сарын 6-ны өдөр шаардлагыг хүргүүлж шаардлагыг засгийн газрын хэрэг эрхлэх газар болон ерөнхий сайдын туслахууд хүлээн авч байсан юм. Тэгвэл өчигдөр төв талбай дээр суулт зарлаж байсан Б.Болороо дээр Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх болон  цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав нар ирж түүний шаардлагыг хүлээн авч байгаагаа хэлж хариуцлага алдсан хүмүүстэй хариуцлага тооцож хэргийг шийдвэрлэх арга хэмжээг авна гэдгийг хэлсэн юм.

Ийнхүү төв талбай дээр 10 хоногийн турш суулт зарласан иргэн Б.Болороогийн шаардлагыг хүлээн авч хэрэг шийдвэрлэгдэхэд шаардагдах арга хэмжээг авахыг Монгол улсын ерөнхий сайд У. Хүрэлсүх, цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав мэдэгдсэн учраас иргэн Б.Болороо суултаа зогсоож дараагийн шатны асуудалдаа анхаарна гэдгээ хэлсэн юм.