Түүхэнд хамгийн олон эмэгтэй нэр дэвшигч 2012 оны УИХ-ын сонгуульд дэвшиж байжээ

Шинэчлэн батлагдсан  Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд "Сонгуульд нам эвслээс нэр дэвшигч аль нэг хүйсийн төлөөлөл 20-с доошгүй хувь байна" гэж заасан байдаг. 2020 оны Улсын их хурлын сонгуульд 15 нам 4 эвсэл оролцохоор батламжаа гардан авсан. Тэгвэл нэр дэвшигч нам эвслүүд нэр дэвшигчдээ зарлаж бүртгүүлэх хуулийн хугацаа нь 5-р сарын 10-наас 16-ны хооронд байгаа юм. Үүнээс өмнө Жендэрийн үндэсний хороо болон Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн квоттой холбоотой шаардлага зөвлөмжийг хүргүүлж байгааг Жендэрийн үндэсний хорооноос онцолж байна.

Энэ оны Улсын их хурлын сонгуульд оролцох нам эвслүүдэд хандан хүргүүлж байгаа шаардлага зөвлөмжид зөвхөн 20 хувийн хүйсийн төлөөллийг дэвшүүлээд зогсохгүй тухайн нэр дэвшигчдийг бодлогоор дэмжих шаардлагатайг онцолж байна. Олон улсын туршлагаас харахад парламентад сонгогдсон эмэгтэй гишүүд доод тал нь 30 хувь байж шийдвэр гаргах түвшний оролцоо хангагдана гэж үздэг. Тэгвэл өнгөрсөн удаа Улсын их хуралд сонгогдож байсан Улсын их хурлын эмэгтэй гишүүдийн тухайд 1996 онд 7, 2000 онд 9, 2004 онд 5, 2008 онд 3, 2012 онд 11, 2016 онд 13 нь эмэгтэй гишүүд байжээ.

УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн болон сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоо аажмаар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүдэд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 1992 онд 5.3 хувь байсан бол 2016 онд 13 эмэгтэй гишүүн байсан нь түүхэн дэх хамгийн өндөр хувь буюу 17.1 хувийг эзэлж байна. Энэ нь дэлхийн дундаж болон бүсийн дунджаас бага үзүүлэлт байна.