Улс төрийн намууд төлөвшиж чадахгүй байгаа нь эрх зүйн орчинтой холбоотой

Монголын улс төрийн намуудын төлөвшил хангалтгүй байна гэж хөндлөнгийн судлаачид болон судалгааны байгууллагын хийсэн тайланд дүгнэсэн байдаг. Учир нь улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс нь харилцан адилгүй үзүүлэлттэй, дүрэм, журам, санхүүжилт нь олон нийтэд ил тод бус байгаа нь намын төлөвшлийг бий болгоход саад, тушаа болсоор иржээ. Тиймээс улс төрийн намын тухай хуулиндаа өөрчлөлт оруулж, намын төлөвшилтэй холбоотой хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэдгийг судлаачид онцоллоо.

Өнөөдрийн байдлаар улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 36 нам байна. Эдгээр намуудаас 8 намын дотоод ардчиллын индексийг Дефакто институтээс 2019 онд судалснаар, томоохон намуудын дотоод ардчиллын индекс 32-66 хувьтай байжээ. Тодруулбал, нам доторх гишүүдийн оролцоо, өрсөлдөөн, намд эзлэх нийгмийн бүх хэсгийн төлөөлөл болон санхүүжилт, ил тод байдал зэргийг үндэслэн судалсан. Улмаар зарим намын тухайд ардчиллын индекс харилцан адилгүй байгаа нь улс төрийн намууд хараахан төлөвшиж чадаагүй байгааг харуулж байна.  

2019 онд батлагдсан үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 40 гаруй органик хууль дагалдаж батлагдах ёстой. Үүний нэг нь улс төрийн намын тухай хууль бөгөөд энэ удаагийн парламентад нэгэнт амжихааргүй болсон тул хууль батлагдсаны дараанаас улс төрийн намын төлөвшлийн асуудал хэрхэх эсэх нь шийдэгдэхээр байна.

Хэдийгээр улсын  дээд шүүхэд бүртгэлтэй намуудын тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ тэдгээрийг хянах хяналтын тогтолцоо байхгүй нь эрсдэлтэй байна. Тиймээс хяналтын системийг нэвтрүүлэх шаардлагатай гэж судлаачид үзэж байна.