Олон бие даагч өрсөлдөж байгаа нь намуудад шинэчлэл хийх шаардлагатай байгааг харуулж байна

2020 оны УИХ-ын сонгууль  буюу найм дахь удаагийн сонгуульд өрсөлдөх нам эвслийн төлөөлөл, бие даагч нар өмнөх сонгуулиудаас хамгийн олон гэдгээрээ онцлог жил болж байна. Тодруулбал 19 нам эвслийн төлөөллөөс гадна бие даагч 208 нэр дэвшигч өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өгсөн. Хэдийгээр эдгээр нэр дэвшигчид бүгд шаардлага хангах эсэх нь тодорхойгүй ч олон тооны нэр дэвшигч сонгуульд өрсөлдөж байгаа нь улс төрийн намын дотоод шинэчлэл хийх цаг болсоныг харуулж байгааг судлаачид онцоллоо.

2020 оны УИХ-ын сонгууль томсгосон можаритор системээр зохион байгуулагдана. Энэ систем нь бие даагч нар болон шинэ залуу нэр дэвшигчид гарч ирэх боломж хомс гэж судлаачид үзэж байсан юм. Тэгвэл энэ удаагийн сонгуульд түүхэндээ хамгийн олон тооны бие даагч өрсөхөөр мөрийн хөтөлбөрөө Аудитын төв байгууллагад хүргүүлсэн.  

Ардчилсан улсуудын хувьд намуудын үйл ажиллагааг хуулиар зохицуулж өгсөн. Тухайлбал намууд нь бодлогын нам болж төлөвшсөн, санхүүжилтийн систем ил тод мөн төрөөс санхүүжих зохицуулалтыг хийж өгчээ. Гэтэл манай улсын хувьд ҮХНӨ-өөр намуудыг бодлогын гэхээс илүү хатуу гишүүнчлэлтэй байх заалт нэмж оруулсан. ҮХНӨ-ийн 19,2-т намыг МУ ын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэн байгуулна гэж заасан. Уг нь нам гэдэг нь сайн дураар, үзэл бодол эвлэлдэн нэгдсэн нэг зорилготой хүмүүсийн төлөөлөл юм. Намуудын удирдлага таалагдахгүй гишүүнээ намаас хөөх, хөөгдсөн гишүүн захиргааны журмаар давж заалдах боломж байдаггүй нь улс төрийн намын тухай хуульд тусгах ёстой өөрчлөлтийн нэг гэж судлаачид үзэж байна.

Намын дотоод шинэчлэл хамгийн сайн хөгжсөн улс бол Япон улс. Тухайлбал хатуу гишүүнчлэлтэй биш бөгөөд хуулиар бүгдийг зохицуулсан байдаг байна.

Манай улсын хувьд улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх асуудал одоогоор төслийн хэмжээнд яригдаж байгаа ч энэ удаагийн УИХ-ын хугацаанд хэлэлцэгдэж амжихааргүй болсон. Гэхдээ авууштай нэг зүйл нь ҮХНӨ-д намын санхүүжилт шилэн байна гэсэн заалт багтсан юм.