Мандатын тооноос бага эсвэл илүү нэр дэвшигч дугуйлсан тохиолдолд саналын хуудас хүчингүй болно.

2020 оны УИХ-ын сонгууль томсгосон Можаритор системээр зохион байгуулагдана. Энэ системээр өмнө нь 2008 онд УИХ-ын сонгуулийг зохион байгуулж байсан. Тэгвэл энэ удаагийн сонгууль цар тахал дэгдсэн үеийн нөхцөл байдалд зохион байгуулагдах болсноороо онцлогтой. Гэхдээ сонгогч болон нэр дэвшигчид мэдээлэл авах асуудал хязгаарлагдмал байгааг судлаачид хэлж байна.

Одоогийн байдлаар УИХ-ын сонгуульд 19 нам эвсэл, 208 бие даагч  өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөр, бусад баримт бичгээ ҮАГ, СЕХ-нд хүргүүлээд байна. Урьдчилсан байдлаар 700 орчим хүн нэр дэвшихээр болсон нь түүхэндээ байгаагүй их нэр дэвшигч гэдгээрээ онцлог.

Энэ удаагийн сонгууль цар тахлын нөхцөл байдалд зохион байгуулагдаж байгаа нь сонгогчийн боловсрол, нэр дэвшигчийн сурталчилгаа зэрэгт сөргөөр нөлөөлж байгааг судлаачид хэлж байна. Тэгвэл бусад улсын жишгийн дагуу 3 төрлөөр сонгогчийн боловсролыг дээшлүүлэх туршлага байдаг бол манай улсад энэ нь хангалттай байж чаддаггүй. Харин 2012 оноос эхлэн сонгогчийн боловсролын төв СЕХ хамтран иргэдэд 18002800 утсаар мэдээлэл өгч эхэлжээ.

Энэ жилийн хувьд шинэ залуу нэр дэвшигчид, бие даагч нар олноор нэр дэвшиж байгаа хэдий ч сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн саналын хуудасны загвар анхаарал татаж байна. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу саналын хуудаст намын нэрийг УДШ-д бүртгүүлсэн дарааллаар, харин бие даагчийг СЕХ-нд бүртгүүлсэн дарааллаар байрлуулахаар заасан. Гэхдээ уламжлал болсон энэ жишиг нь сонгогч автоматаар эхний нэр дэвшигчдийн нэрийг дугуйлах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой гэж үздэг байна. Хэдийгээр саналын хуудасны загвар гараагүй байгаа ч бусад улсын жишгийг харах  хэрэгтэй гэлээ.

Сар хүрэхгүй хугацааны дараа хариуцлагатай сонголт хийх өдөр ирнэ. Сонгогчид саналын хуудаснаас мандатын тоогоор нэр дэвшигчийг дугуйлна. Хэрэв мандатын тоогоос илүү эсвэл дутуу бол энэ хуудас хүчингүй болно.