Төв банк байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих бодлого баримтална

Манай улсад 2019 онд сэргээгдэх эрчим хүч, хог хаягдлыг дахин боловсруулах, ойжуулах төсөл, эко аялал жуулчлал зэрэг байгаль орчинд ээлтэй бизнесийн зорилгоор 500 тэрбум төгрөгийн зээлийг бизнес эрхлэгчид арилжааны банкнуудаас авч байжээ. Тэгвэл энэ онд байгаль орчинд ээлтэй бизнесийн зээлийн хэмжээ 28,9 хувиар буурсан тул цаашдаа энэ төрлийн бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого баримтална гэж төв банкнаас мэдэгдлээ.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтээр 2030 он гэхэд хүлэмжийн хийг бууруулахаар салбар бүр арга хэмжээ авч бодлого боловсруулаад байгаа. Тухайлбал санхүүгийн салбарт тогтвортой байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг бизнесийг илүү дэмжиж санхүүжилт олгож зээлийн хүүг бууруулдаг байна. Харин манай улсад өнөөдрийн байдлаар арилжааны банкнаас олгож буй нийт зээлийн зөвхөн 1,8 хувийг “ногоон зээл” буюу байгальд ээлтэй бизнесийг дэмжих эзэлж байна. 

Байгаль орчинд ээлтэй эдийн засгийг цогцлоох үүднээс дэлхийн санхүүгийн байгууллагууд эко системд хэрэгтэй бизнесийг дэмждэг жишиг тогтоод байгаа. Жишээ татвал сэргээгдэх эрчим хүч, ногоон барилга, хог хаягдлыг дахин боловсруулах, газар ашиглалт болон ойжуулах төсөл, эко аялал жуулчлал, утаа бага ялгаруулдаг машин зэрэгт түлхүү хөрөнгө оруулж, хөнгөлөлттэй зээлд хамруулж дэмждэг байна.

Ногоон зээл нь бизнесийн зээлийн төрөлд багтдаг бөгөөд арилжааны банкнуудын тавих шаардлага харилцан адилгүй байна. Тиймээс байгальд ээлтэй бизнес эрхлэх иргэд ААН-үүд харилцагч банкныхаа бүрдүүлэх материалын жагсаалтаар бага хүүтэй зээлд хамрагдах боломжтойг төв банкнаас мэдээлж байна.