Ноцтой гэмт хэргүүдийн үйлдэгдсэн хэлбэрийг нарийвчлан мэдээлэх нь олон нийтэд ач холбогдолгүй 

Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд орон нутагт галт зэвсэг ашиглан бусдын амь насыг хохироосон ноцтой хэргүүд гарсан. Тэдгээр хэргийн үйлдэгдсэн хэв маяг адилхан буюу хэрэг үйлдэгчид хэрэг үйлдсэний дараа өөрийнхөө амийг хохироосон байна. Ар араасаа гарсан энэ төрлийн гэмт хэргүүдийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээний цахим хуудаснууд хандалт авах зорилгоор мэдээлдэг нь сэрэмжлүүлэг биш сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүмүүст асуудлаа шийдвэрлэх гарц болж хүрэх аюултайг сэтгэл зүйч хэлж байна.

Нийгмийн сэтгэл зүйг эмзэглүүлэм, ноцтой гэмт хэргүүдийн үйлдэгдсэн хэлбэр хэв маягийг дүрслэн нарийн мэдээлэх нь үнэн хэрэгтээ олон нийтэд ач холбогдолгүй бөгөөд энэ нь хүний ухамсаргүй даган дуурайх зан төлөвт нөлөөлж байдаг байна.

Энэ төрлийн гэмт хэргийн давтамжийг бууруулах, дахин гарахаас сэргийлэхийн тулд хэргийн талаар мэдээлэхдээ анхаарал болгоомжтой хандах явдал. Үүнээс гадна галт зэвсэг эзэмшигчдэд тавих шаардлагыг нарийвчлах, хяналтыг сайжруулах, шинээр гэрчилгээ олгохдоо зайлшгүй хэрэгцээ шаардлагыг үндэслэх нь энэ төрлийн хэргийг бууруулахад нөлөөтэй. Учир нь Өвөрхангай аймагт ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг байсан сурагч охины амийг хохироож, хэрэг үйлдэгч өөрийгөө мөн буудаж амь хохирсон хэргийн газар дээрээс олдсон галт зэвсэг түүний эзэмшлийнх биш байсан нь тогтоогдсон. Харин Баянхонгор аймагт өнгөрсөн 7 хоногт хүүхдүүдийнхээ амийг галт зэвсгээр хохироосон хэргийн хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа. Галт зэвсгийн тухай хуульд галт зэвсгийг зориулалтын бусаар ашиглах, бусдад дамжуулахыг хориглодог. Өмчлөгч иргэн галт зэвсгийг аюулгүй байдлыг хангасан нөхцөлд өөрийн оршин суугаа гэр, сууцандаа сум, замгаас нь тусад нь хадгалах үүрэгтэй юм.