АНУ-ын засгийн газраас ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авна гэдгээ зарлажээ

АНУ-ын эрх баригчид ОХУ-ын стратегийн нэн тэргүүний зорилт болох “Умардын-урсгал 2” байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд хориг арга хэмжээ авна гэдгээ өнгөрсөн баасан гарагт зарлажээ. Тодруулбал, ОХУ-ын санаачилсан “Умардын урсгал 2” төсөл нь Европын эрчим хүчний зах зээлд дангаар ноёрхол тогтоох гэсэн Владимир Путины хүчин чармайлтын нэг хэсэг гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа юм. “Умардын Урсгал 2” бол ОХУ-аас Герман руу Балтийн тэнгисээр дайруулан байгалийн хий нийлүүлэх 1234 км урт дамжуулах хоолой юм. Герман, Дани, Орос, Финлянд, Швед Гэсэн таван орны эдийн засгийн онцгой бүс, нутаг дэвсгэрийн усаар дайруулан тавьсан уг дамжуулах хоолой нь жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий зөөвөрлөх хүчин чадалтай байна. Түүнчлэн АНУ-ын засаг захиргаа уг төслийг улс төрийн шинжтэй бөгөөд Европын эрчим хүчний аюулгүй байдалд аюул учруулж байна гэж үзэж байгаа юм. 

Учир нь Украин бол ОХУ-аас Европт нийлүүлж байгаа хийг нутаг дэвсгэрээрээ дамжуулан өнгөрүүлснээр ашиг олдог транзит улс бөгөөд “Умардын Урсгал-2” ашиглалтад орсноор Оросын хийнээс орлого олох боломжгүй болно гэж болгоомжилж байгаа юм. Харамсалтай нь Европын холбооны гишүүн орнуудын шийдвэрийг үл хамааран АНУ-ын хууль тогтоогчид хийн хоолойг холбохоос өмнөх шаардлагатай туршилт, баталгаажуулалтыг хийх байгууллагуудын үйл ажиллагаанд хориг тавина гэдгээ зарласан байна.