Уул уурхайн салбарын хөгжилд тээврийн дэд бүтэц, усны хомстол хамгийн том асуудал болж байна

Өнөөдөр “Монгол улсын эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх нь” эдийн засгийн судалгааны тайланг танилцуулж, уул уурхайн салбарынхан хэлэлцүүлэг өрнүүллээ. Ирэх 10 жилд дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ өсөх эерэг хүлээлттэй байгаа учраас үйлдвэрлэл нэмэгдэж, салбарын нийт орлого 5.3 тэрбум ам.доллараас 12.5 тэрбум ам.доллар болж өснө гэсэн таамаглалыг гаргажээ.

Уул уурхай, олборлох салбар нь Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувийг, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71 хувийг, экспортын 94 хувийг бүрдүүлж байна. Уг судалгаанд дурдсанаар уул уурхайн салбарын хөгжилд тээврийн дэд бүтэц муу, усны хомстолтой байгаа зэрэг нь хамгийн том асуудал болж байгааг онцолжээ. Тэгвэл уул уурхайн салбарын ДНБ-д оруулах хувь нэмэр 2020 онд 19.7 хувь байсан бол 2030 онд 32.7 хувь болж өснө гэсэн таамаглалыг “Cru consulting” судалгааны компани гаргажээ. Харин 2030 оноос хойш Монгол улс нүүрсний зах зээлийн урт хугацааны өөрчлөлтөөс шалтгаалан төсвийн орлого буурах эрсдэлтэй гэлээ. Цаашдаа уул уурхайн салбарын хөгжлийг түргэсгэхийн тулд дэд бүтцийг сайжруулах шаардлагатай гэж судлаачид үзэж байна.