Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт ирэх долоо хоногт болно

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ирэх долоо хоногт болох ардчиллын төлөөх дээд хэмжээний чуулга уулзалтад оролцох урилгыг улс, орнуудад албан ёсоор хүргүүлээд байгаа. Урилга илгээсэн орнуудын жагсаалтыг төрийн департаментын цахим хуудсанд нийтэлсэн бөгөөд урилга хүлээн авсан дэлхийн 110 гаруй улс орнуудын дунд Монгол улс багтсан байна.

АНУ-ын эрх баригчид “Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт”-ыг 12 дугаар сарын 9,10-нд цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг уулзалтад улс орнуудын удирдагчид, хүний эрхийг хамгаалагчид, бизнес эрхлэгчид оролцох юм. Дээд хэмжээний уулзалтад ОХУ, БНХАУ багтаагүй бол БНХАУ-ын засгийн газар өөрийн нэг муж гэж үздэг Тайвань оролцогчдын тоонд оржээ. Тэгвэл АНУ-ын засаг захиргаа ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаатай холбоотойгоор тус улсад суугаа БНХАУ, ОХУ-ын элчин сайд нар хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “АНУ хүйтэн дайны үеийн” сэтгэлгээнээсээ салаагүй нь энэ чуулга уулзалтыг зохион байгуулснаар батлагдаж байна. Бид үзэл санаанд суурилсан зөрчил нь ямар хэмжээний хохирол дагуулдгийг сануулах зорилгоор энэ мэдэгдлийг хийж байна” хэмээн онцолжээ. Мөн АНУ-ын удирдан чиглүүлсэн мөнгөний хувьсгалын хор уршгаар хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан улс орнууд одоог хүртэл сэргэж чадахгүй байна хэмээн БНХАУ, ОХУ-ын элчин сайд нар хамтарсан мэдэгдэлд дурджээ.