Дэлхийн улс орнууд цунамид нэрвэгдсэн Тонга улсад тусламж илгээсээр байна

Далайн доорх галт уул дэлбэрсний улмаас цунамигийн гамшигт нэрвэгдээд байгаа Тонга улсын сэргээн босголтод зориулж дэлхийн улс орнууд тусламж илгээсээр байна.  Тухайлбал, Япон улс гэхэд л 1 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсноо өнөөдөр мэдэгджээ. Японы засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ёшихико Исозаки “Ундны ус, галт уулын үнс нурмыг цэвэрлэх тоног төхөөрөмж болон бусад бараа материалыг өөрийн улсын онцгой байдлын албаны баг бүрэлдэхүүний хамт Тонга улс руу илгээнэ” гэж өнөөдөр мэдэгдсэн байна. Мөн тэрбээр, “Маш олон тооны Тонгачууд гамшигт нэрвэгдэж, асар их хэмжээний хохирол амсаад байна. Тиймээс бид боломжийнхоо хэрээр тусламж үзүүлэхийг зорин ажиллана. Бид Австрали, Шинэ Зеланд улсуудтай нягт хамтран ажиллаж, Тонга улсыг сэргээн босгоход гар бие оролцох болно” гэж онцолжээ. Түүнчлэн Япон улсын батлан хамгаалахын дэд сайд Макото Оники, маргааш буюу баасан гарагт Австрали руу холбогдох албан хаагчдыг илгээж, тусламж үзүүлэх бусад орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулах болно гэж мэдэгдсэн байна.  Мөн Австрали, Шинэ Зеланд, АНУ-ын засгийн газраас арлын Тонга улсад хэдийн яаралтай тусламжийн эм хэрэгсэл, тоног төхөөрөмж, ундны ус, хоол хүнс зэргийг илгээгээд байгаа юм байна.

Галт уулын дэлбэрэлтийн улмаас тус арлын 3 иргэн амиа алдсан бол 150 мянга орчим иргэнийг нүүлгэн шилжүүлж, хамгаалах байранд хүргээд байгаа юм байна.