Өнгөрсөн онд БНХАУ-д шинэ төрөлтийн тоо буурчээ 

Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тоо цөөрсөн зэрэг олон хүчин зүйлсийн улмаас БНХАУ-д шинэ төрөлтийн тоо жил ирэх бүр буурсаар байна. Энэ талаар тус улсын үндэсний статистикийн товчооны дарга Нин Жизе өнгөрсөн оны хүн амын бүтцийн талаарх мэдээллийг танилцуулах үеэрээ мэдэгджээ. Тэрээр, 2021 онд БНХАУ-д нийтдээ 10.6 сая хүүхэд шинээр мэндэлсэн боловч цэвэр өсөлт ердөө 480 мянга байжээ. Энэ нь тус улсын хувьд бага үзүүлэлт бөгөөд үүнд ард иргэдийн хүүхэд төрүүлэх тухай ойлголт өөрчлөгдсөн, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тоо буурсан, түүнчлэн гэрлэх болон хүүхэд төрүүлэх нас хойшилсоор байгаа, цар тахлын нөлөөгөөр гэрлэлтээ болоод хүүхэд төрүүлэхээ хойш тавих зэрэг нийлмэл хүчин зүйлс нөлөөлсөн гэж дурджээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Хятадын хүн амын тоо хэсэг хугацаанд 1.4 тэрбум хавьцаа байх төлөвтэй байгаа.

Мөн “Гурван хүүхэд” бодлогын үр дүн удаан хугацаанд үр дүнгээ өгнө гэж үзэж байна. Харин нийт төрөлтийн дунд хоёр дахь хүүхдийн эзлэх хувь 2013 онд 30 орчим хувьтай байсан бол 2021 онд 43 хувь болж нэмэгдсэн байна.