Хөгжлийн банк чанаргүй 26 зээлдэгчийн мэдээллийг нийтэд ил болголоо

Монгол улсын Хөгжлийн банк нь эрчим хүч, аж үйлдвэржилт зэрэг эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудын төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх төслүүдийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх чиг үүрэгтэй.  Хөгжлийн банк 2016 он хүртэл зөвхөн төрийн шийдвэрээр ААН-үүдэд зээл олгодог байсан бол 2017 оноос хойш хууль эрх зүйн орчин өөрчлөгдөж хараат бусаар ажиллаж байна. Өнөөдөр Хөгжлийн банкнаас төр, олон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан 26 чанаргүй зээлдэгчийн мэдээллийг нийтэд зарласан байна. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашиглан, зээл төлөхөөс санаатай зайлсхийсэн, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авч байна гэж тус банкнаас мэдээлжээ. Энэ дагуу “Чингис хаан банк”, “Төрийн орон сууцны корпораци” “Монгол эм импекс концерн”, “Бишрэлт групп”, “Эрэл” компани, “Бармон” компани зэрэг 26 чанаргүй зээлдэгчийн асуудлыг шүүхээр шийдүүлэхээр нэхэмжлэл гаргаж, зээлийн хэмжээ, зориулалт, шүүх, шийдвэр гүйцэтгэлийн шатны мэдээллийг нийтэд дэлгэжээ. Хөгжлийн банк цаашид зөвхөн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-аар батлагдсан 20 багц төсөл арга хэмжээг санхүүжүүлэх чиглэл баримталж ажиллана гэж мэдээлсэн байна.