Ирэх сарын 1-ээс зөвхөн орон нутагт ЕБС, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлнэ

Засгийн газар хуралдаж, сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлийг орон нутагт ирэх даваа гарагаас эхлүүлэх шийдвэрийг гаргасан байна. Харин нийслэлд танхимын хичээлийг эхлүүлэхэд эрсдэл өндөртэй байгаа учраас халдварын нөхцөл байдал, эрсдэлийн үнэлгээнээс хамаарч, тухай бүрд нь шийдвэрлэхээр болсон байна. Цар тахлын улмаас тогтоосон хөл хорио боловсролын салбарт хамгийн их жин дарж байгаа. Учир нь бүх шатны боловсролын байгууллагын үүдийг хааснаар сүүлийн 3 сарын хугацаанд танхимын сургууль завсардаад байна. Хэдийгээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад теле хичээлд хамрагдаж байгаа  ч суралцагчдын тодорхой хувь нь тог цахилгаангүй, хичээлээ нөхөж үзэх боломжгүй нөхцөл байдал үргэлжилсээр байна. Мөн орон нутгийн 20 мянга орчим сурагч отор нүүдэлд яваа зэрэг шалтгааны улмаас хичээлээс хоцрогдох асуудал тулгамдаад байгааг боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдэж байсан. Тиймээс танхимын хичээлийг үе шаттай эхлүүлэх санал гаргасан. Ингэхдээ нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 3-р сарын 10-аас цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 4-р сарын 1-ээс эхлүүлэхээр санал оруулсан ч засгийн газар дэмжээгүй. Халдварын нөхцөл байдлыг харгалзан улсын онцгой комисс, засгийн газраас асуудлыг эцэслэнэ. Харин эрүүл бүс буюу аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг  3-р сарын 1-ээс эхлүүлэхийг дэмжсэн байна. Гэхдээ танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулах юм байна. Мөн хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь  хамрагдах эсэхийг сонгоно. Хэдийгээр орон нутагт ЕБС, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг эхлүүлэх ч орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй юм байна.