Өнөөдрийн байдлаар таван хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оноож, “Цахим гав” зүүлгэжээ

Хорих ангид ял эдлэх иргэдийн тоог бууруулж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүдийг нийгэмд нь хүмүүжүүлэх, улмаар хөдөлмөр эрхлүүлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн барагдуулах зорилгоор “Цахим гав”-ыг нэвтрүүлээд байгаа. Тэгвэл эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсноос хойш гурван аймагт, 5 иргэнд “Цахим гав” зүүлгээд байна. Тухайн иргэд  шүүхийн шийдвэрээс хамаараад 1 сараас 2 жилийн хугацаанд “Цахим гав” зүүж, зорчих эрхээ хязгаарлуулна. Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс “Зорчих эрхийг хязгаарлах ял”-ыг хэрэгжүүлж эхлээд байна. Тодруулбал, эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу хөнгөн гэмт хэрэг анх үйлдсэн хүмүүст цахим бугуйвч зүүлгэж, зорчих эрхийг хязгаарласан заалтыг хэрэгжүүлж байгаа юм. Ингэснээр энэ оны байдлаар 1000 гаруй хүнд энэ шийтгэлийг оногдуулах урьдчилсан тооцоо гараад байсан. Тэгвэл хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 5 хүн зорчих эрхээ хязгаарлуулах ялыг эдэлж, “Цахим гав” зүүгээд байна. Тэгвэл эрүүгийн  хуульд зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг нэг сараас таван жил гэж заасан бөгөөд гэмт хэрэгтний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар байдал зэргийг харгалзан ялын төрлийг шүүхээс сонгон хэрэглэнэ. Одоогоор 5 хүнд 1 сараас 2 жилийн хугацаанд цахим гав зүүлгэж, зорчих эрхийг хязгаарласан. Цахим гав буюу энэ бугуйвчны онцлог нь хориглосон бүсэд буюу очихыг хориглосон газар, обьектод ойртсон, нэвтэрсэн тохиолдолд тухайн этгээдэд анхааруулга өгч, ШШГЕГ-ын “Цахим хяналт, удирдлагын төв-ийн хяналт тавьж байгаа ажилтанд дохио өгөх горимтой юм байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх нь хорих зардлыг бууруулж, гурван тэрбум орчим төгрөг хэмнэх тооцооллыг гаргасан байна. Мөн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүдийг нийгэмд нь хүмүүжүүлэх, сурч боловсрох, улмаар хөдөлмөр эрхлүүлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн барагдуулах зорилготой.