ОЮУТНУУД ХИЧЭЭЛ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛСЭН ҮЕД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ХӨНГӨЛӨХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

Хөл хорионы дэглэм тогтоосонтой холбоотойгоор бүх шатны сургалтын байгууллагын танхимын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Тэгвэл их дээд сургуулиуд цахимаар хичээл, сургалтаа явуулж байгаа ч танхимд хичээллэж байсан үеийнхтэй ижил хэмжээний сургалтын төлбөрийг оюутнуудаас авсан хэвээр байна. Харин оюутнуудын хувьд цахим сургалтын чанар учир дутагдалтай байгаа учраас сургалтын төлбөрийг бүрэн төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Өнгөрөгч 1 дүгээр сард боловсролын сайд их, дээд сургуулиудад сургалтын төлбөрийг хөнгөлөх ямар уян хатан нөхцөл байгааг судалж, оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөлөх тухай журмыг гаргасан. Харин зарим их дээд сургуулиудын хувьд шууд төлбөрийн хөнгөлөлт үзүүлээгүй, харин сургалтын төлбөрийг хувааж төлөх нөхцөлийг оюутнуудад санал болгожээ.харин оюутнуудын хувьд сургалтын төлбөрийг хувааж төлөх нь бодит хөнгөлөлт биш гэдгийг хэлж байна. Мөн цахимаар хичээллэх үед практик хичээлд суралцахгүй байгаа ,тоног төхөөрөмж, лаборатори ашиглахгүй байгаа учраас цахим хичээлийн төлбөрийг танхимын хичээлийн төлбөрөөс бууруулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн танхимаар хичээллээгүй үед тог, цахилгаан гэх мэт урсгал зардал сургуулиас гарахгүй байгаа нөхцөлд сургалтын төлбөрийн бүрэн өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа гэлээ. Тэгвэл боловсролын сайд төлбөрийн бодит хөнгөлөлт үзүүлэх боломжийг дахин судлуулах ажлын хэсгийг бүрдүүлж ажиллахыг дээд боловсролын газарт үүрэг болгосон талаар мэдээлэл байна. Их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг хөнгөлүүлэх тухай журамд өөрчлөлт оруулах ажил судалгааны түвшинд байгаа учраас журамд өөрчлөлт гарах хугацаа тодорхойгүй байна гэсэн хариулт өглөө. Харин оюутнуудын хувьд сургалтын төлбөрийг бодитоор хөнгөлөх хүртэл санал гомдлыг хүргүүлсээр байна гэдгээ уламжилсан байна.