Хилийн чанадад байгаа Монголчууд 5-р сарын 30, 31-ний өдөр ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө.

Ирэх 6-р сарын 9-нд Монгол улсын ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдана. Харин хилийн чанадад байгаа Монгол иргэд 5-р сарын 30, 31-ний өдрүүдэд тухайн орон нутгийн цагаар санал хураалтад оролцоно. Сонгууль цар тахлын үетэй зэрэгцэж байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах юм байна. Энэ оны 1-р сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг баталсан. Сонгуулийн санал хураалт гурван хэсэгтэйгээр явагдана. Үүнд, хилийн чанад дахь Монголчууд тухайн улсын байгаа дипломат төлөөлөгчийн газарт 4-р сарын 20-оос 5-р сарын 9-ны хугацаанд өөрийн биеэр очиж бүртгүүлнэ. Улмаар 5-р сарын 30, 31-ны өдрүүдэд саналаа өгнө. Харин тодорхой шалтгааны улмаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар дамжуулан санал өгөх иргэд 6-р сарын 8-нд сонгуульд оролцоно. Харин 6-р сарын 9-нд улс орон даяар монгол улсын дараагийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж, иргэд үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлнэ. Тэгвэл ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу хуваарьт ажлууд эхлээд байна. Тодруулбал үндэсний аудитын газраас монгол улсын ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 8.1 тэрбум төгрөгөөр тогтоосон байна. Сонгуулийн сурталчилгаа 5-р сарын 24-өөс 6-р сарын 7-ны өдрүүдэд явагдана.