Хохирлыг тогтоох үндэсний тогтолцоотой болох шаардлагатай

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргадаг ч иргэд төлбөрийн чадваргүй, үнэлгээг төр хариуцдаггүй, шийдвэр гүйцэтгэх явцад саад учирдаг зэргээс хамаарч энэ асуудал өдийг хүртэл удаашралтай явагдсаар ирсэн. Тэгвэл манай улсад гэмт хэргийн хохирлыг үнэлж, тогтоож, нөхөн төлүүлж байгаа нөхцөл байдлыг судалсан байна.

- Тодруулбал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хохирлын нөхөн төлүүлэлт хэрхэн явагдаж байгааг судлахад, жилд гэмт хэргийн улмаас 37-38 мянган хүн хохирдог байна.

- Харамсалтай нь үүний 8000-9000 тохиолдлыг сэтгэл санааны хохирол эзэлдэг ч манай улсад ийм төрлийн эдийн бус хохирлыг тогтоох жишиг үнэлгээ байдаггүй. Улмаар хохирлын хэмжээг тогтоож чаддаггүй байна.

- Түүнчлэн хохирол учирсан бүх хэрэгт жилд дунджаар 190 орчим тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр шүүхээс тогтоодог ч 2017 оны байдлаар ердөө 37.6 хувийн биелэлттэй байсан.

- Харин 2018 онд гэмт хэргийн нөхөн төлүүлэлт 16.8 хувь болтлоо буурчээ.

Тэгвэл судалгааны багаас улсын хэмжээнд хохирлын үндэсний тогтолцоотой болж, хохирлын жишиг үнэлгээтэй болох шаардлагатай гэж дүгнэжээ. Олон жилийн хугацаанд хохирол нөхөн төлүүлэх асуудал тушаатай явснаас үүдэж, иргэд хохирол буцаан авах аргаа мэдэхгүй, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болох, гомдлоо эргүүлэн татах эрсдэлтэй тулгарч байна. Хэдийгээр 2017 онд батлагдсан эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэсэн заалт орсон ч хуультай нийцүүлж хохирлыг үнэлэх аргачлал шинэчлэгдээгүй нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэж байна. Тэгвэл Монголын Криминологичдын холбооноос хийсэн Монгол улсад гэмт хэргийн хохирлыг үнэлж, тогтоож, нөхөн төлүүлж байгаа нөхцөл байдал судалгаагаар 2018 онд 36620 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас 33566 хүн, 57 хуулийн этгээд хохирч, үүнээс 934 хүн нас барсан байна. Харин гэмт хэргийн улмаас 193.3 тэрбум төгрөгийн хохирол учирч, дээрх хохирлоос 32.4 тэрбум буюу 16.8 хувийг нөхөн төлүүлжээ. Хохирогч болон ар гэрт учирсан эдийн бус буюу эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг тогтоох үнэлгээний журам хомс тул эрх зүйн бичиг баримт боловсруулах шаардлагатай гэж хуулийн байгууллагын төлөөллүүд үзэж байна. Учир нь амь насаа золгүйгээр алдсан Монгол хүний алтан амь насыг үнэлэх үнэлгээ бага, хохирол төлж буй иргэдийн зайлсхийж буй гэмт үйлдлээс болж, төлбөр авагчийн хуулийн дагуу хохирлоо төлүүлэх эрхийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлдөг байна. Одоогийн үйл явцаар хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд эхний ээлжинд хохирогчийн бодит хохирлыг мөнгөн дүнгээр гаргаж байна. Гэхдээ эхний ээлжинд бие мах бодийн болон эрүүл мэндийн үнэлгээг хийж шүүх эцсийн шийдвэр гаргадаг тогтолцоо хийх шаардлагатай. Мөн эдийн болон эдийн бус хохирлыг үнэлэх үндэсний тогтолцоотой болохоос гадна хохирлын жишиг үнэлгээтэй болох шаардлагатай юм байна.