Үйлдвэрлэл, тариалалтыг дэмжиж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар үнийн өсөлтийг тогтворжуулах хэрэгтэй 

4 дүгээр сарын сүүлийн долоо хоногийн статистик мэдээллээр хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 12460 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 14005 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 95 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 104 төгрөгөөр тус тус өссөн. Хонины ястай махны үнэ 50 төгрөгөөр, хонины цул махны үнэ 99 төгрөгөөр тус тус өссөн байна. Харин жилийн өмнөх хүнсний бүтээгдэхүүний үнийн танилцуулгаас харахад хонины мах 20-26 хувиар, үхрийн мах 10-21 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Жилийн өмнө Алтантариа савласан дээд гурил кг нь 1500, нэгдүгээр гурил 1200 байсан бол одоогоор дээд гурил кг нь 1600, нэгдүгээр гурил 1400 болж өссөн байна. Монголчуудын хүнсний гол хэрэглээ мах гурилын үнийг харахад тогтмол өсөлттэй байгаа шиг хүнсний бусад бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдээд байна. Мөн манай улсад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт дээр ШӨХТГ-аас шалгалт хийж, арга хэмжээ авч ажилладаг. Харин чөлөөт зах зээл дээр барааны үнийн өсөлтөд захиргаадлын аргаар зохицуулалт хийх нь үр дүн муутай гэдгийг зарим эдийн засагчид үзжээ. Үйлдвэрлэл, тариалалт, худалдаа эрхлэгчдээ дэмжиж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар үнийн өсөлтийг тогтворжуулах, махны тээвэр, зөөвөрлөх ажлыг дэмжиж үнийн өсөлт үүсэхээс сэргийлэх шаардлагатай байна.