Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг СЕХ 5-р сарын 8-нд албан ёсоор бүртгэнэ

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-д суудалтай намууд нэр дэвшигчээ тодруулаад байгаа. МАН-аас тус намын дарга, ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, Хөдөлмөрийн үндэсний намаас Д.Энхбатыг нэр дэвшүүлэхээ зарлаад байгаа. Харин АН-ын тухайд тус намын 2 фракцаас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарыг тус тус нэр дэвшүүлэхээр болсноо зарласан. Тэгвэл ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу үндэсний аудитын газар 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт аудит хийж эхэлсэн байна. Аудитын дүгнэлтийг хуульд заасан хугацаанд буюу энэ сарын 5-нд багтааж сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Харин сонгуулийн ерөнхий хороо 5 дугаар сарын 8-нд нэр дэвшигчдийг батлах юм. Хуульд зааснаар, УИХ-д суудалтай улс төрийн намуудаас зөвхөн нэг нэр дэвшигч ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх ёстой. Тэгвэл Ардчилсан нам одоог хүртэл дотоод маргаанаа шийдвэрлээгүй, 2 хуваагдсан хэвээр байна. М.Тулгат даргатай Ардчилсан намаас С.Эрдэнийг, О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намаас Н.Алтанхуягийг тус тус нэр дэвшүүлэхээр тодруулаад байгаа юм. 

Харин МАН-ын удирдах зөвлөл, бага хурлаас 100 хувийн саналаар У.Хүрэлсүх нэр дэвших эрхээ баталгаажуулсан. У.Хүрэлсүх нь МАН-ын дарга, УИХ-ын гишүүн юм. Тэрээр 2017 оноос хойш Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байгаад 2021 онд өөрийн хүсэлтээр огцорсон. УИХ-д нэг суудалтай Хөдөлмөрийн үндэсний намын тухайд таван хүнд ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьж Д.Энхбат, Б.Батбаяр, "Улаанбаатар сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан нарын гурван нэр дэвшигч өрсөлдсөнөөс Д.Энхбат олонхын саналаар 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Д.Энхбат нь Ногоон намын дарга байхдаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан юм.