Нийслэлийн ус зайлуулах шугам сүлжээний 80 хувь нь ашиглалтын хугацаа нь дуусжээ

Жил бүрийн зун цаг ирж, бороо хур элбэгших энэ үед л Нийслэлчүүд бид ус зайлуулах шугамын хомсдолтой гэдгээ санадаг. Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжууд ус зайлуулах хоолой дутмаг байдгаас авто замын элэгдэл, гудамж талбайн эвдрэл үүсдэгийг мэдсэн ч дорвитой арга хэмжээ авалгүй байсаар дараа жилтэйгээ золгодог. Өнөөдрийн байдлаар манай улсад есөн дүүргийн хэмжээнд нийт 1100 км авто зам байдаг бөгөөд үүний ердөө 187 орчим км авто замд нь борооны ус зайлуулах шугам сүлжээ байдаг байна. Энэ нь нийт авто замын ердөө 17 орчим хувийг эзэлдэг гэсэн үг юм. Нийслэлийн хэмжээнд ашиглагдаж байгаа ус зайлуулах шугам сүлжээний 80 хувь нь 1970-1980 оны хооронд баригдсан бөгөөд тэдгээрийн ашиглалтын хугацаа бүрэн дууссан байна.

Ус зайлуулах шугам хотын одоогийн гудамж, замын сүлжээг гол болон туслах замаар нь эрэмбэлэн ус зайлуулах шугам сүлжээ тавих ажлыг төлөвлөсөн байна. Ингэхдээ гадаргуун усыг цэвэршүүлж байгальд урсгах технологид нэвтрэхээр төлөвлөж байгааг албаны хүмүүс хэллээ.

Олон улсад борооны ус зайлуулах олон шийдэл байдаг байна. Тухайлбал Япон улс цардмал зам ашигладаг бөгөөд энэ нь нарны халаалтаар агшиж сунадаг, усыг өөртөө шингээдэг материал юм.