Амралтын өдрүүдэд усны ослын дуудлага нэмэгдэх хандлагатай байдаг

Манай улсад жилд дунджаар 88 хүн усанд осолдож амиа алддаг тухай тоон судалгаа байна. Харин энэ он гарсаар улсын хэмжээнд найман аймгийн 15 сум, нийслэлийн гурван дүүрэгт усны 24 ослын дуудлага бүртгэгдэж, 18 хүн амь насаа алдсаны тав нь хүүхэд байгаа юм. Урин дулаан цаг ирж иргэдийн аялал зугаалга эхэлсэн учраас нийслэлийн онцгой байдлын газраас туул гол орчмоор завьт эргүүл ажиллуулж байна. Ихэвчлэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд, хараа хяналтгүй орхисон хүүхдүүд голын усанд осолдох тохиолдол гардаг учраас Хан-Уул, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хэв журам сахиулах оролцоотой завьт эргүүлийн багтай хамтарч ажиллаж байна. Амралтын өдрүүдээр иргэд олноор голын эрэгт ирж, усны ослын дуудлага нэмэгдэх хандлагатай байдаг байна. Энэ жил хур бороо ихтэй байгаа учраас иргэд голын эрэгт амарч зугаалахдаа онцгой анхаарал болгоомжтой байхыг онцгой байдлын газраас анхаарууллаа.