“Ковид-19” манай улсад бүртгэгдсэнээс хойш сүүлийн хоногт оргил үедээ хүрлээ

Улсын хэмжээнд дархлаажуулалтад хамруулах насны иргэдээ 2 тун вакцинд 100 хувь хамруулахаар засгийн газар төлөвлөсөн. Харин 6-р сарын 15 гэхэд вакцины үр дүн 75 хувьтай гарна гэсэн хүлээлт бий. Гэхдээ энэ хүлээлтэд хүрэхээс өмнө цар тахлын нөхцөл байдал өндөр хэмжээнд хүрэх вий, дахин хөл хорих вий гэсэн айдас олон нийтийн дунд байсаар байна.

Сүүлийн нэг сарын хугацаанд буюу манай улсад тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд халдварын тохиолдлын тоо тухайн үеийнхээс 2 дахин нэмэгдсэн байна.

5-р сарын 8-нд манай улсад цар тахлын 815 шинэ тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 5-р сарын 11-ээс халдварын нөхцөл байдал буурч, 477 тохиолдол улсын хэмжээнд, үүнээс орон нутагт 29 тохиолдол бүртгэгдэж байв. Харамсалтай нь 5-р сарын 25-аас халдвар 634 болтлоо нэмэгдэж, орон нутагт бүртгэгдсэн халдварын тоо 45 болжээ. Өөрөөр хэлбэл орон нутаг чиглэсэн зам нээсэнтэй холбогдуулан иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдсэн. Мөн сонгуулийн сурталчилгаа эхэлснээр иргэд олон нийт бөөгнөрөл үүсгэж эхэлсэн нь нөлөөлсөн ч байж болзошгүй. 6-р сарын 2-нд улсын хэмжээнд 1143 тохиолдол бүртгэгдсэн нь халдварын нөхцөл байдал эрчимжиж, улаанбаатар хотоор зогсохгүй орон нутагт хүндэрч эхэлсэн гэдгийг харуулж байгаа юм. 6-р сарын 4-ний байдлаар цар тахлаар халдварласан 13 хүн бусад шалтгааны улмаас нас барсан хамгийн өндөр үзүүлэлт болсон. Харин 6-р сарын 5-нд орон нутгаас төв аймагт 105 аймагт бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол болсон. 6-р сарын 10-ны байдлаар 1460 тохиолдол бүртгэгдсэнээс орон нутагт 505 тохиолдол, 6-р сарын 11-нд цар тахал манай улсад оргил үедээ хүрч, 1622 тохиолдол бүртгэгдсэнээс орон нутагт 522 тохиолдол бүртгэгдэж байгаа нь эрсдэл дагуулж байна. Тэр тусмаа Өмнөговь аймаг л ногоон бүс байгаа бол бусад 20 аймагт халдвар бүртгэгдэж байгаа нь халдварын нөхцөл байдал эрсдэлтэй түвшинд хүрснийг харуулж байна. Хэдийгээр улсын онцгой комиссоос сонгуулийн дараа хөл хорио тогтоохгүй, 6-р сарын 15-аас вакцины үр дүн 75 хувьтай гарна гэж засгийн газраас нааштай мэдээлэл өгсөн ч цаашдын нөхцөл байдал хүндхэн болсон гэдгийг тоон мэдээлэл баталж байна.