УБТЗ-аас 1240 чингэлэг татаж авсан гэж мэдээлсэн ч ачаа тээвэр гацсан хэвээр байна

Цар тахлын улмаас хилийн боомтуудад ачаа барааны бөөгнөрөл үүсч, иргэд сүүлийн 3-4 сарын турш захиалсан бараагаа авч чадахгүй нөхцөл байдалд ороод  байна.

  • Эрээн-Замын-үүд  боомтоор цар тахлаас  өмнө өдөрт 200-250 машин орж ирдэг байсан бөгөөд Замын-үүд-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн үнэ 8000-10000 юань байжээ.
  • 2020 оны 11 сард Монгол улсад “Ковид-19”-ийн халдварын тохиолдол бүртгэгдсэнээр Хятадын тал хяналтаа чангатгаж Эрээн хотод  50 жолооч байршуулан дундын тээвэрлэлт хийлгэж эхэлсэн байдаг.
  • Тэгвэл ачааны машинууд Эрээн боомтод 2020 оны 11-р сараас 2021 оны  1-р сар хүртэл саатаж Замын-үүд-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн үнэ 14000-17000 юань болж өссөн байна. Харин 2021 оны 3 дугаар сард Замын-үүдэд халдвар дахин бүртгэгдэж Эрээн боомтруу орох, гарах хөдөлгөөнийг хятадын талаас 14 хоног хаасан. Үүнээс үүдсэн ачаа, барааны бөөгнөрөл өнөөдрийг  хүртэл хэвийн болоогүй байсаар байна.
  • Энэ оны 6-р сарын байдлаар Эрээн-Улаанбаатар автомашины ачаа тээвэрлэлтийн үнэ 50000-60000 юань болж өссөн үзүүлэлтэй,  олон иргэд, бизнес эрхлэгчид ачаа бараагаа авч чадахгүй, захиалагчиддаа буцаалт хийж байгаагаа хэлж  байна. 

Худалдаа наймаа эрхлэгчдийн зүгээс төлөвлөсөн хугацаандаа бараагаа авч чадахгүй мөн захиалга авах үеийн барааны үнэ болон  ачаа тээврийн үнэ өссөнөөс шалтгаалж үнэ нэмэгдэж байгаа талаар хэлж байна. Үүнийг нь худалдан авагчид ойлгохгүй  үл ойлголцол үүсээд байна гэлээ. Тиймээс тээвэрлэлтийг хуучин горимын дагуу хийж үнийн хөөрөгдөлийг бууруулах  нь чухал байгааг хэлж байна.

Тэгвэл “Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” эдгээр асуудлыг шийдвэрлэхээр Гадаад харилцааны яам болон бусад холбогдох газруудтай хамтран ажиллаж байгаа юм байна. Эрээн Замын-үүд боомтоор өдөрт 200-250 машин орж ирдэг байсан цар тахлын өмнөх үеийг одоогийн нөхцөл байдалтай харьцуулвал Монгол улсын эдийн засагт сард 5 сая юань, жилд 2 тэрбум юаньтай тэнцэх хэмжээний хохирол учирж байгааг судалгаагаар тогтоожээ.