Афганистаны нийслэл Кабул хотод дэлбэрэлт болж найман хүн амь насаа алджээ

Өнгөрөгч даваа гарагт Афганистаны нийслэл Кабул хотын гол сүмийн гадна дэлбэрэлт болжээ. Үүний улмаас найман иргэн амиа алдаж, хорин хүн шархадсан гэж тус улсын дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

“Лалын улс-Хорасан” бүлэглэлийн амиа золиослогч этгээд Кабулын нисэх буудлын ойролцоо наймдугаар сарын сүүлээр халдлага үйлдсэний улмаас 200 орчим хүн, Америкийн 13 цэрэг амиа алдаж байсан. Уг халдлагаас хойш тус улсын нийслэлд гарсан анхны халдлага энэ болж байна. Кабулын төвд орших "Эйд гах" сүмийн орчимд дэлбэрэлт үйлдсэн гэдгээ одоогоор аль нэг бүлэглэл хүлээгээгүй байна. Гэсэн хэдий ч Кабул хотын цагдаагийн газраас Исламын улс бүлэглэлийн гишүүд уг дэлбэрэлтийг үйлдсэн гэж таамаглаж байгаа юм байна. Катарт төвтэй, “Талибан”-ы хэвлэлийн төлөөлөгч Сухаил Шахины мэдээлснээр, дэлбэрэлт хүмүүсийн залбирч байсан газраас хол зайд болсон тул цөөн тооны иргэд амиа алдсан гэж мэдээлжээ.

Лалын хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлийн Афганистанд төвтэй салбар болох “Хорасан” бүлэг нь өнгөрсөн долоо хоногт зүүн нутгийн Нангархар, Кунар мужид болсон хэд хэдэн халдлагын хариуцлагыг хүлээжээ. Тэдгээр халдлагын улмаас олон арван энгийн иргэн, Талибууд амиа алдсан байна. “Талибан”-ы хэвлэлийн төлөөлөгч Билаль Карими даваа гарагийн үдэд болсон халдлагын талаар мэдээлэхдээ, гурван сэжигтнийг баривчилсан бөгөөд Талибан дайчны амь нас хохироогүй гэсэн байна.