Гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэх нь эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлдөг 

Улс эх орны эдийн засгийн өсөлтөд нөлөөлөгч гол хүчин зүйлсийн нэг нь гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэх. Тодорхой хугацаатай хэрэгжих  гадаад хөрөнгө оруулалтуудаас эдийн засгаа сэргээж үлдэх боломж бий гэдгийг зарим эдийн засагчид хэлдэг. 2013 онд шинэчлэн баталсан  хөрөнгө оруулалтын тухай хууль хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгоход нөлөөлсөн хэдий ч хуулийн хэрэгжилт, зохицуулалтын журмуудыг улам сайжруулах хэрэгтэй байгааг зарим хуульч хэлж байна. 

Хамгийн энгийнээр гадаадын хөрөнгө оруулалтын үед дотоодоос ажиллах хүч авч ажиллуулна, үйл ажиллагаа явуулах газраа өмчлүүлэхгүйгээр ашиглалтын гэрээ хийж ажиллуулна зэргээр гадаад хөрөнгө оруулалт зах зээлд шууд валют нийлүүлдэг. Түүнчлэн том зургаар харвал төлбөрийн тэнцэл сайжрах, макро эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлдөг гэдгийг нотолсон судалгаанууд ч олон байна.  Монгол улс гадаад хөрөнгө оруулалтыг эдийн засгийн ихэнх салбаруудад нээлттэй болгосон зүүн ази, номхон далайн бүс нутаг дах гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй орнуудын нэг. Гэсэн ч манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг зөвхөн уул уурхай, олборлох салбар дангаараа бүрдүүлж байна. Тэгвэл уул уурхайгаас бусад салбаруудад жигд хүртээмжтэй, өгөөжтэй хөрөнгө оруулалт татахад саад бэрхшээл болдог гол хүчин зүйл нь ч улс төрийн тогтворгүй, тодорхойгүй байдал гэдгийг мэргэжилтэн тайлбарлаж байна.

Тиймээс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн үр дүнтэй зохицуулалт, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад хууль боловсруулагч, шийдвэр гаргагч нар анхаарах шаардлагатай байгаа юм.