ДЭМБ-аас “хумхаа” өвчний эсрэг вакциныг хүүхдэд тарихыг анх удаа зөвшөөрлөө

Хумхаа өвчний улмаас дэлхий нийтэд жилд  олон зуун мянган хүн нас бардаг. Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хумхаа өвчний эсрэг цор ганц хүлээн зөвшөөрсөн вакциныг Африкийн хүүхдүүдэд тарихыг зөвлөжээ. 

ДЭМБ-аас  Их Британийн “Глаксо" эмийн компанид гарган авсан  “Москуйрикс” вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ.  Гана, Кени, Малави зэрэг Африкийн улс орнуудад 2020 оноос хойш явуулсан ДЭМБ-ын туршилтын хөтөлбөрийн хүрээнд “Москуйрикс” вакцины 2 сая тунг бага насны хүүхдүүдэд тарьжээ. Хумхаа өвчний улмаас нас барсан хүмүүсийн дийлэнхийг таваас доош насны хүүхдүүд эзэлдэг байна. Хумхаа өвчин нь Африкт “Ковид-19”-ийн халдвараас илүү хүний амь насанд аюултай өвчинд тооцогдож байгаа юм. ДЭМБ-ын мэдээлснээр, 2020 онд Африкийн 400 мянга гаруй иргэн хумхаа өвчний улмаас нас барсан бол сүүлийн 18 сарын хугацаанд “Ковид-19”-ийн улмаас 150 мянган хүн нас баржээ. Мөн дэлхийн хэмжээнд илэрч байгаа хумхаагаар халдварласан, нас барсан тохиолдлын 94 хувь нь 1.3 тэрбум хүн амтай Африкт бүртгэгддэг байна. Урьдчилан сэргийлэх боломжтой уг өвчин нь халдвартай шумууланд хазуулсан хүмүүст дамжсан шимэгчээр үүсгэгддэг бөгөөд халдвар авсан тохиолдолд халуурах, бөөлжих, сульдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. ДЭМБ-ын хумхаа, дархаажуулалтын асуудал хариуцсан зөвлөх байгууллагууд “Мoскуйрикс” вакциныг хэрэглэхийг зөвлөсөн, зөвшөөрсөн мэдэгдлийг өнгөрөгч лхагва гарагт хийжээ. Уг вакцин нь хүүхдүүдийг хумхааны хүнд хэлбэрээс сэргийлэхэд 50 орчим хувийн үр дүн үзүүлсэн  цор ганц батлагдсан вакцин юм. “Энэхүү вакциныг хэрэглэснээр жилд олон арван мянган хүний амь насыг аварна” гэж ДЭМБ мэдэгдсэн байна.