Ирэх оны төсөвт хүүхэд харах үйлчилгээ явуулахад 2,6 тэрбум төгрөг тусгуулахаар бэлтгэжээ

Өнөөдөр Монгол улсын эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 53.4% байгаа бол эрэгтэйчүүдийнх 68.3% байна.  Монгол эмэгтэйчүүд дунджаар 2-3 хүүхэд төрүүлдэг, тэдний дундаж наслалт 76 гэсэн үзүүлэлт байна. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд 2-3 хүүхэд төрүүлэхдээ хуулийн хугацаагаар 6-9 жилийг хүүхдээ асрахад зарцуулдаг. Мэдээж үүнд хүүхэд харах үйлчилгээ, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал нөлөөлж байгаа юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор ирэх оны төсөвт 2 настай хүүхэд асран халамжлах үйлчилгээ явуулахад 2,6 тэрбум төгрөг тусгуулахаар бэлтгэжээ.

Боловсролын багц хуульд 3-5 настай хүүхдийг цэцэрлэгт оруулахаар төлөвлөсөн. Ингэснээр 2 настай хүүхдүүд цэцэрлэгт орох боломжгүй болж эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 40 хувь буурч байгаа юм. Харин 2 хүртэлх настай хүүхэдтэй ээжүүд хүүхэд харах газартай болчихвол хэн ч гэртээ зүгээр суухыг хүсэхгүй, тус шийдвэр хэрэгжихийг хүлээж байна гэлээ. Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих нь улс орны эдийн засагт эерэг нөлөөтэй. Азийн хөгжлийн банкны хийсэн судалгаагаар Монгол улс эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцооны түвшинг 63.2% хүртэл өсгөх боломжтой. Ингэснээр нэг хүнд ногдох жилийн өсөлтийн түвшинг 0.5%-иар нэмэгдүүлж, 30 жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүнийг 16.1%-аар өсгөх боломжтой гэсэн дүгнэлт хийжээ.  

 

.