ОХУ нүүрсний экспортоо нэмэгдүүлжээ

ОХУ-аас Европ болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад нийлүүлж байгаа нүүрсний хэмжээ 2020 оны мөн үетэй харьцуулахад 12 хувиар нэмэгдсэн байна. Энэ талаар тус улсын Эрчим хүчний сайд Н. Шульгинов “Россия 24” сувагт ярилцлага өгөхдөө мэдээлжээ. 

Хийн үнийн өсөлтөөс үүдэлтэй эрчим хүчний хямралын улмаас дэлхийн зах зээлд нүүрсний эрэлт өндөр хэвээр байгааг тэрбээр онцолсон байна. Үүний улмаас компаниуд нефть, нүүрс зэрэг эрчим хүчний бусад эх үүсвэр лүү шилжиж эхэлжээ. Өмнө нь Хятад улс хойд мужуудынхаа өсөн нэмэгдэж байгаа эрчим хүч, дулааны хэрэгцээг хангахын тулд ОХУ-аас авдаг нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлсэн юм. Есдүгээр сард Хятадын нүүрсний импорт 76 хувиар өссөн байна. Энэ нь дотоодын нүүрсний үнийг түүхэн дээд хэмжээнд хүргэж, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн бизнесийн үйл ажиллагааг тасалдуулж буй эрчим хүчний хомсдолоос ангижрахын тулд тус улсын цахилгаан станцуудад түлшний эрэлт эрс нэмэгдсэнтэй холбоотой юм байна.  Далианы түүхий эдийн бирж дээр коксжих нүүрсний үнэ даваа гарагт нэг тонн нь 3771 юань болж, дээд үзүүлэлтэд хүрчээ.  Өмнөх дээд үзүүлэлтийг есдүгээр сард тогтоосон бөгөөд нэг тонн нь 3071 юаньд хүрсэн байжээ. “РОЙТЕРС” агентлагийн мэдээлж байгаагаар, ойрын хэдэн улиралд нүүрс хийнээс илүү эрэлттэй түлш хэвээр байх төлөвтэй байна. 

Газрын тос, байгалийн шингэрүүлсэн хий, нүүрсний үнэ өссөнтэй холбоотойгоор Японд цахилгаан эрчим хүчний үнэ дээд түвшинд хүрчээ. Үүний зэрэгцээ шингэрүүлсэн хийн үйлдвэрлэгч дэлхийн томоохон улс болох Катарын эрх баригчид үйлдвэрлэл дээд хэмжээндээ хүрч, түлш илүү үйлдвэрлэх боломжгүй болсныг мэдэгдсэн байна.