Улсын хэмжээнд 11 сургуулийг судалгаагүй, суралцах хүүхдийн тоотой уялдуулалгүйгээр барьжээ

Улсын төсөв уйлдаггүй гэдэг. Тиймдээ ч тойрогтоо л ажил хийсэн болж харагдвал тэнд нөхцөл байдал ямар байх эсэхийг үл тоосон уу гэмээр хөрөнгө оруулалтын төсвийг 2020 онд баталжээ. Үндэсний аудитын газраас хийсэн гүйцэтгэлийн тайлангаар ямар ч судалгаа шинжилгээгүй барихаар төлөвлөсөн болон барьж ашиглалтад оруулсан 11 сургууль байгааг тогтоосон. Үүнд, Архангай аймгийн Хайрхан сумын 720 суудалтай сургуульд 2017-2019 онд 664 хүүхэд хамрагдсан байхад улсын төсвийн 2020 оны хөрөнгөөр 3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 320 хүүхдийн суудалтай сургуулийг нэмж барихаар төлөвлөсөн.

Баян-өлгий аймгийн Цагааннуур тосгонд 320 суудалтай сургуульд 2017-2019 онд  203 хүүхэд хамрагдсан байхад улсын төсвийн 2019 оны хөрөнгөөр  2.3 тэрбум төгрөгийн төсөвтэй, 240 хүүхдийн хүчин чадалтай бага сургуулийн барилга шинээр ашиглалтад оруулсан.

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 320 хүүхдийн суудалтай дунд сургуульд 2017-2019 онд дунджаар 347 хүүхэд хамрагдсан байхад улсын төсвийн 2020 оны хөрөнгөөр тус суманд нэмж 1.5 тэрбум төгрөгийн төсөвтэй, 160 хүүхдийн суудалтай сургууль барихаар төлөвлөсөн.

Төв аймгийн Дэлгэрхаан суманд 320 хүүхдийн суудалтай сургуульд 2017-2019 онд дунджаар 215 хүүхэд хамрагдсан. Гэтэл улсын төсвийн 2020 оны хөрөнгөөр тус суманд нэмж 1.1 тэрбум төгрөгийн төсөвтэй, 160 суудалтай сургууль барихаар төлөвлөсөн нь хүн амын тоо, бодит хэрэгцээнд үндэслээгүй байна.

Эдгээр 11 сургуулиас  БЗД-ийн 44-р сургууль нэмж 640 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл барьж байгаа бөгөөд 1924 хүүхдийн суудалтай болно. Гэсэн ч энэ сургуульд 2019 оны байдлаар 4206 хүүхэд суралцаж байгаа нь өргөтгөл барьсан ч сургуулийн хүчин чадал хүрэлцэхгүй гэдгийг илтгэж байна.

Хэдийгээр 2019 оны байдлаар 9 сургууль 3 ээлжээр хичээллэж, сүүлийн жилүүдэд 3 ээлжээр хичээллэх сургуулийн тоо буурч байгаа ч нэг сумдад 1 сурагчтай хичээллэх сургууль барихаар төлөвлөчихөөд байгаа нь нэн шаардлагатай сургуулийн хөрөнгө оруулалт өөр нэг хэсэгт орхигдож байгааг харуулж байна. Тиймээс төсөв батлахаасаа өмнө  тухайн сургуулийн байршил, хүчин чадлыг оновчтой тодорхойлох шаардлагатай байна.