Б.Баярдаваа: Энэ оны эцэст эдийн засаг хямралын өмнөх үеийнхтэй тэнцүү хэмжээнд хүрч өснө

Монгол банк 2022 онд мөнгөний бодлогын хүүг зургаан хувьд хэвээр хадгална гэдгээ мэдээлж байна. Учир нь манай улсын инфляци жилийн өмнө 2 хувь байсан ч одоогоор 8.1 хувьд хүрээд байгаа нь шатахуун, мах, тээврийн зардал зэрэг 3-4 төрлийн барааны түр зуурын үнийн өсөлтөөс шалтгаалж байна. Тиймээс 2022 оны сүүлийн хагас гэхэд хил боомтын гацаа хэвийн болвол инфляц төв банкны зорилтын орчимд буюу 6 хувьд тогтворжино гэсэн хүлээлттэй байгаа гэлээ. 

Инфляцийн 4 дахин өссөн ч төв банк юу ч хийсэнгүй гэж шүүмжтэй хандах нэг хэсэг байгаа ч Монголбанк нийлүүлэлтийн хомсдолоос үүссэн инфляцийн өсөлтийг тогтворжуулах арга хэмжээ авах боломжгүй юм байна. Харин эдийн засгийн төлөв байдлын тухайд энэ оны эцэс гэхэд эдийн засаг хямралын өмнөх үеийнхтэй тэнцүү хэмжээнд хүрч өснө, ирэх онд 5.8 хувийн голч өсөлттэй байна гэж Монголбанк тооцоолжээ. Монголбанкнаас цар тахлын үед эдийн засгийг тогтворжуулах зорилгоор олгож байгаа ипотекийн 6 хувийн хүүтэй зээл болон репо санхүүжилтийн зээл үргэлжилж байна. 2020 оны 10 дугаар сараас хойш 95 мянга гаруй хүн ипотекийн зээлд хамрагдсан байна.