ОХУ-ын кино баг эх дэлхийдээ газарджээ

Жүжигчин Юлия Пересильд, найруулагч Клим Шипенко нар олон улсын сансрын станцад  хоёр долоо хоногийн туршид киноны зураг авалт хийснийхээ дараа сансрын нисэгч Олег Новицкийн хамтаар эх дэлхийдээ газарджээ. Кино баг бүхий "Союз Мс-18" сансрын хөлөг сансарын станц дахь Оросын хэсэг болох “Наука” модулиас салж амжилттай газардсан байна. 

Олон улсын сансрын станцад Оросын сансрын нисэгч Петр Дубров, Америкийн сансрын нисэгч Марк Ванде Хай, Шейн  Меган Японы Акихико Хошиде, Францын Тома Песке нар үлдсэн байна. ОХУ-ын “Роскосмос”-ын мэдээлснээр, сансрын хөлөг автономит нислэгт шилжсэн бөгөөд Москвагийн цагаар өчигдөр өглөөний 06 цаг 41 минутад тоормослох хөдөлгүүрийг асааж, тойрог замаас гарчээ. Ингээд сансрын хөлгийн хэсгүүд салж кино багийнхан бүхий буугч хөлөг  агаар мандалд орсноор өглөөний 07 цаг 35 минутад Казахстаны Жезказган хотоос зүүн өмнө зүгт 148 километрийн зайд амжилттай газарджээ. Хөлгийн багийн гишүүдийн биеийн байдал хэвийн байгаа мөн газардах үед техникийн болон механик гэмтэл тус хөлөгт үүсээгүй гэдгийг ОХУ-ын сансрын станцаас мэдээлжээ. 12 хоногийн турш задгай сансарт кино зураг авалт хийсэн багийнхан цаашид бүрэн хэмжээний киноны зураг авалт хийхээр төлөвлөж байгаа юм байна. Төлөвлөгөө ёсоор зураг авалтаа 2023 онд хийхээр болсон байна. Кино багийнхныг газардуулах ажиллагаанд 200 цэргийн албан хаагч, “Ми-8” загварын 12 нисдэг тэрэг, гурван “Ан-12”, “Ан-26” нисэх онгоц, 20 орчим нэгж тусгай техник, түүний дотор зургаан “Цэнхэр Шувуу” Эрэн хайх-Нүүлгэн шилжүүлэх газар, уснаа явагч машин оролцсон байна.