БНАСАУ алсын зайн тусгалт пуужинг Япон тэнгис рүү харважээ 

БНАСАУ Япон тэнгис рүү алсын зайн тусгалт пуужин харвалаа гэж БНСУ-ын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдээлжээ. Тус хорооноос мэдээлж байгаагаар БНАСАУ алсын зайн тусгалт нэг пуужин харважээ. БНСУ-ын цэргийнхэн үүнээс өөр мэдээлэл өгөөгүй байна. Харин Японы эргийн хамгаалалтын албаныхан БНАСАУ Япон тэнгис рүү Баллистик пуужин харвасан гэж мэдээлээд, пуужингийн хэлтэрхий унах эрсдэлтэй талаар тухайн бүсэд байгаа загас агнуурын хөлөг онгоцнуудад анхааруулжээ. Үүний дараахан Япон улсын Үндэсний аюулгүй байдлын газраас “БНАСАУ Япон тэнгис рүү хоёр Баллистик пуужин харвасан” гэж мэдэгдсэн байна. Есдүгээр сард Пёньян пуужингийн хэд хэдэн  туршилт явуулжээ.  Есдүгээр сарын 15-нд БНАСАУ Япон тэнгис рүү мөн хоёр удаагийн Баллистик пуужин харвасан бөгөөд пуужингууд Японы эдийн засгийн онцгой бүсэд унажээ.  Есдүгээр сарын 28-нд мөн ойрын тусгалтай пуужин харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Япон улсын Ерөнхий сайд шуурхай хуралдаан зарлаж мэдэгдэл хийсэн байна.  Уг мэдэгдэлдээ Хойд Солонгосын тал олон удаагийн өдөөн хатгасан үйлдэл үзүүлж байгаад харамсаж байгаагаа илэрхийлээд хоёр удаагийн пуужин харвасан гэдгийг баталгаажуулжээ. АНУ-ын төрийн департментийн БНАСАУ-ын асуудал хариуцсан ажилтан БНСУ-ын Сөүлд айлчилж байгаатай холбоотойгоор пуужин харвасан гэж олон улсын шинжээчид мэдэгдсэн байна.