“Ковид-19”-ийн халдварын улмаас дэлхий дахинд сэтгэл зүйч нарын эрэлт хэрэгцээ нэмэгджээ

“Ковид-19”-ийн халдварын улмаас АНУ-д 18-аас дээш насны 7 хүн тутмын 1 нь сэтгэцийн ямар нэгэн хүнд болон хөнгөн хэлбэрийн эмгэгт өртсөн талаар тус улсын сэтгэл судлалын нийгэмлэгээс хийсэн судалгаагаар тогтоогджээ. Түүнчлэн  2020 онд НҮБ-аас дэлхийн 21 орны 15-24 насны хүүхэд, залуучууд дунд явуулсан судалгаагаар таван хүн тутмын нэг нь “Ковид-19”-ийн халдвар дэгдсэнээс хойш сэтгэл зүйчийн үйлчилгээ авсан байна.

Уг судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дийлэнхд нь цахим хичээлийн хүртээмж, цар тахлын үе дахь гэр бүлийн санхүүгийн чадамж, урт хугацаанд үргэлжилсэн хөл хорионы дэглэм зэргээс үүдэлтэйгээр стресст өртөх, уур уцаартай болох, мөн ирээдүйн төлөө санаа зовох, сэтгэлээр унах зэрэг нийтлэг шинж тэмдгүүд илэрчээ. Тэгвэл өнгөрсөн онд дэлхий дахинд 12- 20 насны 46 мянган хүүхэд амиа хорлосон гэх тооцоог НҮБ-аас гаргасан бөгөөд энэ үзүүлэлт нь цар тахал дэгдсэнээс хойш өсвөр насны хүүхдийн амиа хорлолт даруй 30 хувиар нэмэгдсэн гэдгийг нотолсон байна. Үүнээс гадна дэлхий даяар хүүхэд болон насанд хүрэгчдийн сэтгэцийн эрүүл мэндэд зориулж өнгөрсөн жил 390 тэрбум ам.долларыг улс орнууд зарцуулсан гэх дүгнэлтийг НҮБ-ын хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах төвөөс гаргажээ. Түүнчлэн олон улсад зургаан хүүхэд тутмын нэг нь хөл хорионы үед цахим хичээлд хамрагдаж чадаагүй гэдгийг олж тогтоосон байна. Үүнийг тоон дүнгээр илэрхийлбэл, 1.6 тэрбум хүүхэд цахим хичээлд хамрагдаж чадаагүй эсвэл хүртээмжтэй бус байсан гэдгийг НҮБ-аас мэдэгдсэн байна. Үүнээс шалтгаалан өсвөр насны хүүхэд болон оюутан залуусын дунд сэтгэлзүйн эмгэгт өртөх байдал нэмэгдэж цаашлаад эрүүл мэндэд ноцтой хохирол учирч байгаа юм байна. Тэгвэл лхагва гарагт танилцуулсан судалгааны үр дүнгээс үзэхэд cэтгэл зүйчдийн 72 хувь нь сэтгэл гутралын эмгэгийг эмчлэх эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн онд сэтгэл гутралтай үйлчлүүлэгчдийн тоо 60 хувиар өссөн гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ илүү их эрэлт хэрэгцээтэй байгаа эмчилгээний бусад чиглэлд нойрны эмгэг, ямар нэгэн бодисоос хамаарал бүхий донтох эмгэгүүд багтаж байгаа гэдгийг онцолжээ. "Бид сэтгэцийн эрүүл мэндийн “цунами”-тай тулгарч байна" гэж АНУ-ын Сэтгэл судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Артур Эванс онцолсон байна.