Хөлдөх эрсдэлтэй дуслын шингэн бүхий зарим ачааг авто замын боомтоос төмөр замд шилжүүлэхийг БНХАУ зөвшөөрчээ 

Цар тахлын энэ амаргүй цаг үед Эрээний хил хаасан нь эрүүл мэндийн салбарын өдөр тутмын эмчилгээ, үйлчилгээнд сөрөг нөлөө үзүүлж эхлээд байгаа. Улсын томоохон эмнэлгүүд нь эм, эмнэлгийн хэрэгслийн 2-3 хан сарын нөөцтэй болчхоод байгаа бол орон нутгийн эмнэлгүүд болоод нийслэлийн эмийн сангуудад наад захын дуслын шингэн, дуслын систем, тариур олдохгүй болоод байгаа. Эдгээр нь Хятад улс болоод Солонгост саатаад байсан юм.

БНХАУ-ын эрээн хотод манай улсын 24 аж ахуйн нэгжийн 37 ачаа, Тянь жин боомтод 14 байгууллагын 21 ачаа, харин БНСУ-ын Инчон боомтод 4 байгууллагын 7 ачаа саатаад байгаа. Үүнээс өчигдөр буюу 11-р сарын 3-нд БНСУ-аас МИАТ-ын онгоцоор 19.4 тонн эм эмнэлгийн хэрэгслийг татан авсан байна. Эхний ээлжид ирсэн ачаанд антибиотик, тариур, цус шингэлэх эм зэрэг бүтээгдэхүүн багтжээ. Харин 11-р сарын 5-нд дахин 19 тонн ачаа ирэх бол энэ сарын 8 болон 10-нд эм, эмнэлгийн хэрэгсэл татан авах ажлууд үргэлжлэх юм байна.

Онгоцоор тээвэрлэх ачаанаас гадна Эрээн боомтод гацсан хөлдөх эрсдэлтэй дусал шингэнээс бүрдсэн зарим ачааг авто замын боомтоос төмөр замд шилжүүлэх зөвшөөрлийг өнөөдөр Хятадын талаас өгсөн байна. Төмөр замаар тээвэрлэх зөвшөөрөл авснаар 8-р сард Тайвань улсаас татаад Эрээн хотод гацаад байсан 4 чингэлэг дуслыг нэн түрүүнд УБ-т хүлээн авах юм байна. 

БНХАУ-ын Эрээн боомт дээр гацсан эм эмнэлгийн хэрэгслийг яаралтай татан авах ажлаар өнөөдөр холбогдох яамдууд эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөллүүд уулзлаа. Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтыг тогтоох тухай засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу Алтанбулаг, Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги боомтоор эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эдийг татан авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. 

Эм ханган нийлүүлэх байгууллагуудын зүгээс агуулах дээр гаалийн бүрдүүлэлт хийх түр журам батлах боломжтой эсэхийг асууж, хугацаа алддаг талаараа хэлж байлаа. 

Мөн манай улс цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан вирусийн эсрэг эмчилгээ, эм хэрэгсэлд түлхүү анхаарч байгааг салбарынхан хэлээд нийт өвчлөлийн 60-70 хувийг бүрдүүлдэг суурь өвчлөлийн эм тариан нөөцөө бүрдүүлэх нь чухал гэсэн юм.