БНХАУ-д үүсээд байгаа цаг агаарын таагүй байдал, эрчим хүчний хомсдол, “ковид-19”-ийн халдварын эсрэг хязгаарлалт зэргээс үүдэлтэйгээр бараа материалын нийлүүлэлт тасалдаж болзошгүй тухай тус улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Түүнчлэн айл өрхүүдийг өвлийн бэлтгэлээ хангаж, хоол хүнс болон бусад өдөр тутмын хэрэгцээт зүйлсээ нөөцлөхийг зөвлөсөн байна.
БНХАУ-д 9-р сарын эхэн үеэс 10-р сарын дунд хүртэл их хэмжээний хүчтэй аадар бороо орсны улмаас газар тариалангийн бүс нутгууд бүхэлдээ усанд автаж, тариаланчид авсан ургацынхаа 70 гаруй хувийг алдахад хүрчээ. Үүнтэй зэрэгцэн Хятадад эрчим хүчний хямрал нүүрлэснээр аж ахуйн нэгж, айл өрхийн цахилгааныг хязгаарлаж, үнийг нь мөн нэмсэн байна.
Өнгөрөгч даваа гарагт тус улсын Худалдааны яамнаас хийсэн мэдэгдэл олон нийтийн анхаарлыг татаад байна. Уг мэдэгдэлд энэ намрын ургац хураалт дотоодын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй учраас мах, ургамлын тос зэрэг өдөр тутамд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээ нөөцөлж авахыг нийт иргэддээ уриалжээ. БНХАУ-ын эрх баригчдын санааг зовоож байгаа гол асуудал нь бараа материалын нөөц, хүрэлцээ хангалттай бус байгаа тул үнийн өсөлт бүх төрлийн бүтээгдэхүүнд нөлөөлж байгаа явдал юм. Ялангуяа хөдөө орон нутгийн иргэд болон эмзэг бүлгийн хүмүүс хангалттай хэмжээний хоол хүнс нөөцөлж чадахгүй учраас БНХАУ-д ядуурлын түвшин нэмэгдэж, инфляц өснө гэж судлаачид үзэж байна