УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн найруулж, УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Хуулийн шинэчилсэн найруулгаар УИХ-ын гишүүний ёс зүй, сахилгын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл ёс зүйн дүрмийн төсөлд УИХ-ын ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд зөрчлийн шинж байдлыг харгалзан сануулга өгөх, хатуу сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг зургаан cap хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулах зэрэг хариуцлага ногдуулахаар тусгасан байна.
Одоогоор УИХ-ын нэр бүхий гишүүд холбогдсон дуулиант асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Зарим гишүүний асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас энэ асуудлаар УИХ-ын ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдаагүй гэлээ.
УИХ-ын намрын чуулган эхэлснээр УИХ-ын гишүүд 10 удаа хуралдсан. 10 удаагийн хурлыг 19 гишүүн тасалж, 30 гишүүн хоцорсон байна. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гурав, С.Амарсайхан, Х.Нямбаатар, Ц.Сэргэлэн, Н.Энхболд нар хоёр удаа, С.Батболд, Х.Ганхуяг, Б.Жавхлан, Ж.Мөнхбат, Ц. Мөнх-Оргил, С.Одонтуяа, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ч.Ундрам, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, О.Цогтгэрэл, Б.Чойжилсүрэн, Ж.Эрдэнэбат нар нэг удаа чуулганы хуралдааныг тасалсан гэж УИХ-ын ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга мэдэгдлээ.