Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж, шинэчлэн найруулсан шүүхийн тухай хуулиар шүүгч хариуцлага алдсан, ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргасан бол хүлээлгэдэг зарчмыг нарийвчлан зохицуулж өгсөн. Тиймээс өмнө нь байсан Шүүхийн ёс зүйн хороог Шүүхийн сахилгын хороо болгон шинэчлэн байгуулж, нийт шүүгчдийн хуралдаанаар шүүгчид анх удаа дотроосоо шүүгч 4 гишүүнийг сонгосон. Харин шүүгч бус 5 гишүүнийг УИХ-аас 11-р сарын 18-нд томилж, шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх хэрэгжиж эхэллээ.
Өмнөх шүүхийн ёс зүйн хороо 5-р сараас хойш хуралдаагүй тул сахилгын хорооны гишүүдийн шийдвэрлэх шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой 280 гаруй хэрэг, гомдол хүлээгдэж байна. Эдгээр хэргийн дунд, олны анхаарлыг татсан буюу нэр бүхий шүүгчид холбогдсон бичлэгийн асуудал багтсан бөгөөд 10 гаруй сарын хугацаанд яригдаж буй хэргийг шүүхийн сахилгын хороо хэлэлцэнэ. Шүүгчдийн ёс зүйтэй холбоотой энэ асуудлыг өмнөх шүүхийн ёс зүйн хороо хүлээн авч, 2021 оны 5-р сарын 25-нд магадлалдаа, шүүгч нь ард түмний байнгын хяналтад байдаг тул жирийн иргэний хувьд бэрхшээлтэй байж болох хувийн эрхийг хязгаарласан хэм хэмжээг өөрөө өөртөө тогтоож мөрдөх ёстой. Эдгээр хязгаарлалтыг өөрөө сайн дураар сахин хэрэгжүүлнэ. Ялангуяа шүүгч нь шүүхийн өндөр нэр хүндэд нийцүүлэн биеэ авч явах үүрэгтэй тул шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Д.Отгонбаатар шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн зарим зүйл заалтыг зөрчсөн тул шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Д.Отгонбаатар нарт сахилгын хэрэг үүсгэх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэсэн. Харин шүүгч нар тухайн магадлалыг эс зөвшөөрч, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хадсан. Шүүхээс магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Ингэснээр энэ хэргийг шинээр эмхлэн байгуулагдсан сахилгын хороо хэлэлцэнэ.
Шүүгчдийн ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой асуудал урагшлах уу, ухрах уу гэдэг нь шинээр эмхлэн байгуулагдаж, 6 жилийн хугацаатай ажиллах шүүхийн сахилгын хорооноос хамаарна.