Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртэй холбоотой 11 зөрчлийг хууль, хяналтын байгууллага шалгаж байна

Гамшгийн хэмжээнд хүрээд байсан агаарын бохирдолтой тэмцэхээр агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017 онд баталж, хоёр үе шаттайгаар 2017-2025 онд хэрэгжүүлэх шийдвэрийг тухайн үеийн засгийн газраас гаргаж байсан. Тэгвэл Үндэсний аудитын газраас хөтөлбөрийн хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийж, хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байна гэсэн дүгнэлт гаргасныг бид өмнө нь мэдээлж байсан. Үүнтэй холбоотой зарим тоон мэдээллийг хүргэе. 

  • 2017-2019 онд агаар орчны бохирдлыг бууруулах ажилд нийслэлийн төсөв болон гадны зээлээс нийт 456.1 тэрбум төгрөг зарцуулжээ
  • Энэ хугацаанд агаар орчны бохирдлыг бууруулах 199 арга хэмжээг эхлүүлж, 91 арга хэмжээг нь дуусгахаар төлөвлөсөн ч хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, салбар дундын оролцоог хангаж чадаагүйн улмаас арга хэмжээний 67.8 хувь нь огт хэрэгжээгүй байна. 
  • Аудитаар нийт 43.7 тэрбум төгрөгийн 19 зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгуулахаар 4 албан шаардлага хүргүүлжээ. Гэвч 10.4 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах талаар арга хэмжээ авч ажиллаагүй учраас хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн.
  • Тэгвэл Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос мэдээлснээр 7 зөрчлийг арилгуулсан. Одоогоор хууль, хяналтын байгууллага 11 зөрчлийг шалган шийдвэрлэж байна. Эдгээр зөрчлүүдэд өмнөх “Цэвэр агаар сан”-ийн үйл ажиллагаатай холбоотой ноцтой зөрчил ч багтсан талаар мэдээллээ. 

Агаар, орчны бохирдлыг бууруулахаар өнгөрсөн 2017-2019 онд 456.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. Гэтэл ҮАГ-аас гүйцэтгэлийн аудит хийхэд зарим аймагт олгосон санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Улмаар аудитаар нийт 43.7 тэрбум төгрөгийн 19 зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгуулахаар 10.9 тэрбум төгрөгийн 4 албан шаардлага хүргүүлсэн. Гэвч 10.4 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах талаар арга хэмжээ авч ажиллаагүй учраас хууль, хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 18 зөрчлийн 7-г арилгуулсан гэлээ. Үлдсэн зөрчлүүдийг хууль, хяналтын байгууллагаас шалгах ажиллагаа өнгөрөгч 7-р сараас хойш үргэлжилж байгаа юм байна. ҮАГ-ын гүйцэтгэлийн аудитын тайланд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны үйл ажиллагаагаар 2017-2020 онд зарим бараа, ажил үйлчилгээг төрийн нууцад хамааруулан шууд гэрээгээр худалдан авсан байна. Гэвч төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтад ороогүй бараа, ажил үйлчилгээний худалдан авалтад Тагнуулын ерөнхий газрын зөвшөөрлөөр нууцад хамааруулан зохион байгуулж байгааг хяналт болгох гэсэн зөвлөмжийг хүргүүлжээ.