Насжилт нь дууссан 500 гаруй автобусны ашиглалтын хугацааг сунгаж, дараа жил хүртэл ашиглана

Нийслэл хотын түгжрэлийг сааруулахад нийтийн тээврийн хүртээмжийн асуудал маш чухал юм. Хэдийгээр өнөөдрийн байдлаар нийслэлд нийтийн тээврийн 900 гаруй автобус үйлчилгээ үзүүлдэг гэх мэдээлэл байгаа ч бодит байдал дээр ачааллын оргил үеэр автобусны хүрэлцээ тааруугаас даац хэтрүүлэх, зорчигчдыг автобусны буудал дээр үлдээх асуудал байсаар байна. Тиймээс ашиглалтын хугацаа нь энэ онд дуусаж байгаа 500 гаруй автобусыг солих замаар парк шинэчлэл хийж, түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн тээврийн хэрэгслийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх “амбиц” хотын үе үеийн удирдлагуудад байдаг ч сүүлийн жилүүдэд хийсэн ажлаар урагшилсангүй, ухарсаар, зарим өдөр оргил ачааллын үед тэг зогссон тохиолдол ч бий. Дүүжин тээвэртэй болж, хоёр давхар автобус нэвтрүүлэх чиглэлээр цаасан дээр буусан төсөл яригддаг ч бодит ажил болж хэрэгжээгүй. 900 гаруй автобусны 50 гаруй хувийнх нь насжилт энэ онд дууссан ч ашиглалтын хугацааг нэг жилээр сунгахдаа хүрчээ.

Тэгвэл түгжрэлийг шийдвэрлэх богино хугацааны ажлыг хэрэгжүүлэхдээ нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийг хийх юм байна. Түгжрэлийг бууруулах хүрээнд зам барих, нийтийн тээврийг хөгжүүлэх, явган болон дугуйн зам шинэчлэх, шинээр барих зэрэг ажлууд багтсан байна.