БНХАУ-д шинэ төрөлтийн хувь буурчээ

БНХАУ-д шинэ төрөлтийн хувь өмнө нь бүртгэгдэж байгаагүй доод хэмжээнд хүрч буурчээ. Тус улсын эрх баригчид гэр бүл төлөвлөлтийн хатуу зохицуулалтуудын нэгд тооцогддог “нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг 2016 оноос сулруулж, хосуудыг хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрөөд байгаа юм. Тэгвэл энэ оны 1-р сараас БНХАУ-ын засгийн газар айл өрхүүдийг гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрөх шийдвэрийг гаргажээ. Гэвч хэрэглээний зардал нэмэгдэж, эмэгтэйчүүд гэр бүл төлөвлөлттэй холбоотой шийдвэрийг өөрсдөө гаргах болсны улмаас уг шийдвэр нь дорвитой үр дүнд хүрээгүй байна. 

Өнгөрсөн онд Хятад улсын 1000 хүн тутамд 8 төрөлт бүртгэгдсэн нь уг үзүүлэлтийг бүртгэж эхэлсэн 1978 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болсон талаар өнгөрсөн долоо хоногт танилцуулсан 2021 оны статистикийн тайланд дурджээ. Энэ нь 1949 онд БНХАУ байгуулагдсанаас хойших хамгийн доод үзүүлэлт болсныг тус улсын статистикийн үндэсний хорооноос онцлон мэдээлсэн байна. Мөн өнгөрсөнд онд тус улсын хэмжээнд батлуулсан гэрлэлтийн тоо сүүлийн 17 жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлтэд хүрч, ердөө 8 сая хос гэрлэлтээ бүртгүүлжээ. 

Мөн гэр бүл цуцлалтын тоо ч өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа буурсан дүн үзүүлжээ. Хятадад 2020 оны эхэн үеэс гэр бүлээ цуцлуулах хүсэлт гаргасан хосуудад харилцаагаа шийдвэрлэх 30 хоногийн хугацаа олгодог болсон байна.