Виртуал хөрөнгийн хууль батлагдсан ч иргэдийг эрсдэлээс шууд хамгаалахгүй

Виртуал хөрөнгийн зах зээл, койн нь манай улсад харьцангуй шинэ ойлголт ч сүүлийн үед койн гаргаж буй хуулийн этгээд, худалдаж авах иргэдийн тоо эрс өсөөд байна. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооноос авсан тоон мэдээллээр:

  • Манай улсад өнөөдрийн байдлаар нийт 20 хуулийн этгээд зах зээлд койн нийлүүлээд байна.
  • Эдгээрээс 8 нь зах зээл дээр 2 дахь арилжаагаа хийсэн бол 12 нь 2 дахь арилжаа хийхээр хүлээгдэж байна
  • Эдгээр хуулийн этгээдүүд койн арилжаалж иргэдээс нийтдээ 170 гаруй  тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ
  • Харин цаашдаа 32 хуулийн этгээд койн гаргахаар төлөвлөөд байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлж байна.

Монгол улс санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас гаргасан мөнгө угаах, терроризмын үйлдлийг бууруулах хүрээнд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төслийг боловсруулаад байгаа. Хуулийн төслийн гол зорилго нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэлжүүлэх, тавигдах шаардлагыг тодорхой болгох юм. Өөрөөр хэлбэл шинээр криптовалют гаргаж буй ААН-үүд зөвшөөрөл авч зах зээлд үйлчилгээ нэвтрүүлдэг болох хуулийн төсөл юм. 

Хууль батлагдах мэдээлэл гарснаас хойш зах зээл дээр хуулиас урьтаж койн гаргах гэсэн хуулийн этгээдийн тоо эрс нэмэгдсэн учраас санхүүгийн зохицуулах хороо зах зээлд шинэ койн гаргахыг хориглочхоод байгаа юм. Тэгвэл хуулийн талаар тодорхой мэдээлэлгүй байгаа иргэд хууль батлагдчихвал эрсдэлгүй аюулгүй мэт ойлголттой, хүлээлт үүсээд байна. Виртуал хөрөнгийн зах зээлийн харилцааг бүрэн зохицуулж, шууд утгаараа иргэд хохирох эрсдэлийг бууруулахад эргэлзэж байгаагаа зарим УИХ гишүүд илэрхийлээд байсан юм.

Хууль батлагдах нь иргэдийг эрсдэлээс шууд хамгаална гэсэн үг биш учраас койн худалдаж авахдаа сайтар судлах, сэтгэл хөдлөлөөр хандахгүй байх, эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахыг холбогдох байгууллагууд зөвлөсөөр байгаа юм.