Ирэх оны 1-р сарын 1-ээс шинэчлэн найруулсан хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Уг хуульд үл өрсөлдөх гэрээ гэх шинэ зохицуулалтыг нэмж, байгууллагын үйлдвэрлэл, бизнесийн болон үйл ажиллагааных нь нууцыг мэддэг, түүгээрээ мөнгө олох боломжтой ажилтныг өрсөлдөгч компанид нэг жилийн хугацаанд ажиллуулахгүй байхаар хуульчилжээ. Үл өрсөлдөх гэрээ нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш нэг жилийн хугацаанд үйлчлэх юм. Энэ хугацаанд тухайн байгууллага тухайн ажилтандаа цалингийн 50 хувиар тооцож, сар бүр олговор олгох зохицуулалтыг тусгажээ.
Үйлдвэрлэл болон бизнесийн байгууллагын “know how” буюу хэрхэн үйл ажиллагаа явуулдаг, технологийн арга зарчмыг мэддэг ажилтнуудтай ажил олгогч нар өмнө нь нууцлалын гэрээ байгуулдаг байсан. Харин шинэчлэн найруулж, 2022 оны 1-р сарын 1-ээс мөрдөгдөж эхлэх Хөдөлмөрийн тухай хуулийн 49.3-т ажил олгогч ажилтантай ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор үл өрсөлдөх гэрээ байгуулж болно гэх нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож гэрээ байгуулж болохыг хуульчилжээ. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээнд тусгах эсвэл хөдөлмөрийн гэрээнд дагалдах тусгайлсан гэрээ байгуулж болно гэж заасан байна. Энэ гэрээг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулна. Түүнчлэн бизнесийн болон үйлдвэрлэлийн технологийн нууцыг мэддэг хүнтэй хийх тул бусад төрлийн ажилтнуудыг харьцангуй хамаарахгүй бололтой. Гэхдээ мэргэжлийн ур чадвартай хүнийг өөр өрсөлдөгч байгууллагад ажиллахыг ийнхүү гэрээгээр хорьж байгаа нь хүний хөдөлмөрлөх эрхэнд халдаж байгаа үйлдэл мөн үү?
Үл зөрчилдөх гэрээг байгуулах заалт зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэрт хамаарна. Харин гадаадад ажиллах хүнд хамаарахгүй байхаар хуульд тусгажээ. Харин үл зөрчилдөх гэрээг байгуулсан ажилтан гэрээгээ зөрчиж, өрсөлдөгч байгууллагад ажиллавал өмнөх байгууллагад учирсан хохирлыг төлж, асуудлыг шүүхээр шийдүүлнэ.