2022 онд дэлхийн эдийн засаг дөрөв орчим хувиар тэлэх боломжтой гэв

2022 онд олон улсын эдийн засаг огцом сэргэх хэдий ч хөрөнгийн зах зээл уналтад орно гэж Английн төв банкны эдийн засагчид үзэж байна. Уг шалтгааны улмаас хөгжиж буй улс орнуудын инфляцийн түвшин хоёр оронтой тоонд хүрч болзошгүй гэлээ.

Дэлхий дахинд “ковид-19”-ийн халдварын “омикрон” хувилбарын тархалт нэмэгдэж байгаатай зэрэгцэн бараа бүтээгдэхүүний нийлүүлтийн сүлжээний хямрал нүүрлэж олон улсын тээвэр зуучын салбар уналтад орж 2022 онтой золгосон. Өнгөрөгч 2021 онд дэлхийн эдийн засаг 5.1 хувиар өснө хэмээн таамаглаж байсан ч 4.9 хувийн үзүүлэлтийг харуулсан. Харин 2022 онд 4 орчим хувийн өсөлтийг харуулах төлөвтэй байгаа бөгөөд бараа бүтээгдэхүүн экспортлогч улс орнуудын эдийн засгийн өсөлт бусад хөгжиж байгаа орнуудын санхүүгийн нөхцөл байдалд хүчтэй нөлөө үзүүлнэ гэж английн төв банкны эдийн засаг, бизнесийн судалгааны төвөөс мэдэгдсэн байна. Энэ онд олон улсын эдийн засгийн өсөлтөд нөлөө үзүүлэх улсууд болох АНУ, БНХАУ болон ЕХ-ны улсууд зэрэг байна. Төсвөө нэгтгэсэн, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөлөө сайжруулсан, эрэлтээ тогтвортой чөлөөлсөн эдгээр улс орнуудын эдийн засаг 2022 оны эхний улиралд 1.3 хувиас эхлэн тогтвортой өсөх төлөвтэй байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин хөгжиж буй улс орнуудад уг эдийн засгийн өсөлт нь хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй. Учир нь “ковид-19”-ийн халдвар тархалт сүүлийн 2 жил гаруй хугацаанд үргэлжилсний улмаас үүсээд байгаа санхүүгийн хямралаасаа бүрэн сэргэхэд дахин багагүй хугацаа хэрэгтэй байгаа гэж мэргэжилтнүүд онцолсон байна. Түүнчлэн хөгжиж байгаа улс орнуудын гадаад өртэй холбоотой эрсдэлийг “ковид-19”-ийн халдвар үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн, эдийн засгийн өсөлтийн төлөв сул байгаа зэрэг нь өрийн дарамтыг цаашид нэмэгдүүлж зээлдэгч улс орнуудын зээлээ эргэн төлөх чадамжийг сулруулж болзошгүй гэдгийг Английн төв банкны эдийн засаг бизнесийн судалгааны төвөөс анхааруулсан байна.