Хөдөлмөрийн хуулийн зарим заалтын дагуу албан байгууллагууд хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэх шаардлагатай

Ажил олгогчдоос илүү хөдөлмөр эрхэлж байгаа ажилтнуудад ээлтэй болсон гэгдэж буй хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар өмнө нь орхигдсоор ирсэн асуудлыг хөндөж, шийдвэрлэх гэж байна. Ингэхдээ шинээр ажилд орж буй ажилтны ээлжийн амралтаа авах эрх 11 сарын хугацаанд ажилласны эцэст бүрддэг байсан бол шинэ хуулиар 6 сар ажилласан тохиолдолд эрх үүсдэг болж байна. Түүнчлэн хүн амын зарим бүлгийг хөдөлмөрлөх эрхээр хангах зорилгоор хөхүүл хүүхэдтэй ажилтнуудад ажиллах боломжоор хангах зарим шинэ заалтыг тусгажээ. 

Хөдөлмөрийн тухай хуулиар хүн амын зарим бүлэг буюу жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй ажилтнуудаа хөдөлмөрлөхөд зориулсан зарим зохицуулалтыг хэрэгжүүлнэ. Үүнд, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ, эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болно. Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан томилолтоор ажиллуулахыг хориглоно. Ажил олгогч ажилтныг хүүхдээ хөхүүлэх өрөөгөөр хангах арга хэмжээг авна гэжээ. Мөн 6 хүртэлх сартай хөхүүл хүүхэдтэй ажилтанд хүүхдээ хөхүүлэх цагийг олгох бөгөөд энэ цагийг ажилласанд тооцох юм байна.

Зарим албан байгууллага хуулиас давсан дотоод журамтай, ажилтнуудын эрхийг хангахгүй байна гэсэн асуудал яригддаг. Энэ тохиолдолд ажилтан мэргэжлийн хяналтын байгууллагад хандах боломжтой.

Шинээр ажилд орж буй ажилтны ээлжийн амралтаа авах эрх 11 сарын хугацаанд ажилласны эцэст бүрддэг байсан бол шинэ хуулиар 6 сар ажилласан тохиолдолд эрх үүснэ. Гэхдээ хууль 2022 оны 1-р сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн учраас хуулийн хэрэгжилт 2022 оноос хойш ажилд шинээр орсон хүмүүст хамаарна.