Өндөржүүлсэн бэлэн байдлын шар түвшний үед ямар нэгэн хязгаарлалт хийхгүй

Засгийн газраас “Ковид-19” халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг анх цар тахлын идэвхжилтэй зэрэгцэн баталж байсан. Тухайн үед халдварын нөхцөл байдлын улмаас ногооноос улаан түвшинд шилжих, тухайн түвшний үед хүн, хуулийн этгээдэд ямар арга хэмжээ авах эсэхийг зохицуулж байсан. Тэгвэл өнөөдөр засгийн газрын хуралдаанаар түр журмыг шинэчлэн баталжээ.

Шинэчилсэн журмын хүрээнд, халдварын тархалтын түвшин, дархлаажуулалтын хамралт, амьдралын шинэ хэв маягт дасан зохицоход хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулахад шаардлагатай нийтлэг арга хэмжээг авахад чиглэсэн байна. Түүнчлэн тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны хязгаарлалтыг бүх шатных нь онцгой комисс орон нутгийн онцлогт тохируулж, “ногоон”, “шар”, “улбар шар”, “улаан” түвшинд заагдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх шийдвэр гаргадаг байхаар болжээ.  

Үүнээс гадна засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулж, 2023 оны 10 сар гэхэд бүрэн ашиглалтад оруулах чиглэл өгчээ.