Нийт 6 тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй хоёр яамны үйл ажиллагааны стратеги, бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлав

Засгийн газар энэ онд хоёр яам, хоёр сайдаар бүтцээ өргөжүүлнэ. Оны өмнөхөн улсын төсвийг хэлэлцэх үеэр нийт 6 тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг шинээр байгуулахаар баталсан. 

Одоо мөрдөгдөж байгаа хуулиар дан дээлтэй сайд энэ засгийн газарт гишүүн болох учиртай ч давхар дээлтэй сайд томилогдож болох эсэхийг үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар эцэслэнэ.  Хэдийгээр энэ асуудал тодорхойгүй байгаа ч өнөөдөр засгийн газрын хуралдаанаар хоёр агентлагийг татан буулгах шийдвэр гаргаж, хоёр яамны үйл ажиллагааны стратеги, бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа. Ингэхдээ засгийн газрын агентлаг болох Үндэсний хөгжлийн газар болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулгаж, чиг үүргийг нь Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам руу шилжүүлж байна. Шинэхэн яамдууд тус бүр 80-87 орон тоотой байхаар болсон байна. Урьдчилсан мэдээллээр, хуучин агентлагийн дарга нар шинэ яамдын төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ. Мөн засгийн газрын давхар дээлтэй хоёр сайд шинэ яамдын сайдын үүргийг түр хавсрах гүйцэтгэнэ гэх мэдээлэл байна.