Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авч байна

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг жил бүрийн 1-р сарын 1-ээс 2-р сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авдаг. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах иргэн заавал албан татварын тайлан гаргах үүрэгтэй төдийгүй уг тайлан нь албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно хэмээн татварын ерөнхий газраас мэдээллээ.

Татварын шинэчилсэн хуулийн дагуу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийг буцаан авах  боломжтой болсон. Тус хөнгөлөлтийг авахын тулд орон сууц худалдан авсан болон урьдчилгаанд төлсөн төлбөр нь татвар төлсний дараах орлого болохыг гэрчлэх баримт байх шаардлагатай юм. Монгол улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд их, дээд сургуульд суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлэх юм. 

Албан татвар төлөгч иргэн хувь хүний орлогын албан татварын тайланг энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлэх ёстойг анхаарууллаа.