“Ковид-19” халдварын “Омикрон” хувилбарын тархалт 1-р сарын 20-оос 2-р сарын 10-нд оргил үедээ хүрэх эрсдэлтэй гэдгийг улсын онцгой комиссоос мэдэгдсэн. Шинэ хувилбарыг өмнөх хувилбаруудтай харьцуулахад тархалт 5 дахин хурдан учраас олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, байгууллагууд ажилтнуудаа зайнаас болон цахимаар ажиллуулахыг уриалаад байгаа.
Тэгвэл энэ оны 1-р сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар “ажилтныг ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр байнга, эсвэл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч, түүнтэй зайнаас ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно” гэдгийг хуульчилсан юм.
Ингэснээр ажилтан байгууллагатайгаа зөвшилцсөн тохиолдолд үндсэн цалингаа авч, зайнаас болон цахимаар ажиллах эрх зүйн орчин бүрджээ. Ажилтан зайнаас, цахимаар ажиллах тохиолдолд ажил үүргээ гүйцэтгэх байршил, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хугацаа, хэлбэрийг тодорхой тусгах ёстой юм. Мөн өөрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ажилдаа ашигласан тохиолдолд ажил олгогчоос олгох нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг талууд тусгайлан тохиролцож, гэрээндээ тусгах боломжтой юм.