Засгийн газар халамжаас хөдөлмөр, халамжаас хуримтлал руу шилжиж, анх удаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хуримтлуулдаг болох асуудлыг хуульчилсан. Ингэснээр 2022 оны 1-р сарын 1-ээс 6-р сарын 30 хүртэлх хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг өмнө нь хүлээн авдаг байсан дансаар бэлнээр авах эсвэл төрийн сан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулах сонголттой болсон. Харин 7-р сарын 1-ээс хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 50 мянган төгрөгийг албан журмаар хуримтлуулж, үлдсэн мөнгийг хуримтлуулах эсвэл бэлнээр авах эсэхийг иргэн өөрөө шийднэ. Үүний дагуу ХНХЯ-аас хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох журмыг шинэчилж, www.ehalamj.mn цахим хуудас, И-баримт гар утасны аппликейшн, эсвэл хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэст хандах, хэрэв дээрх арга хэмжээг хэрэгжүүлж чадаагүй тохиолдолд банкны теллерд хандах хувилбарыг бий болгосон. Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгийг олгох шинэ журмыг эргэн харж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүйгээр зохион байгуулахыг холбогдох сайдад үүрэг болгожээ.
Учир нь хүүхдийн мөнгөн тэтгэмжээ бэлнээр авахын тулд сар бүр хүсэлт гаргах нь иргэдэд хүндрэл учруулна гэж үзэж байгаа юм байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 18 нас хүртэл нь хуримтлуулбал дунджаар 18-19 сая төгрөгийн хадгаламжтай болох тооцоолол байна.